Оюутолгойн гэрээг эсэргүүцэн суулт хийж байна
5 сарын 8, 2018

Иргэний нийгмийн хөдөлгөөний төлөөллүүд Оюутолгойн гэрээг цуцлах, түүнтэй холбоотой асуудлаар шаардлага хүргүүлж, мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд “Оюутолгойн гэрээг өнөөдөр эргэн ярьж байна. Ард түмний эрх ашигт нийцэх гэрээ хийгээгүй гэдгийг ард түмэн ч ярьж байна. Монголчууд газрын доорх баялгаа гадныханд лиценз нэрээр өгчихөөд энэ баялгаа үнэлж чадахгүй байна. Лиценз нэрээр гадныханд баялгаа өмчлүүлдэг асуудал байж болохгүй. Тэндээс гарч байгаа баялгийг нэг тонныг нь хэдэн төгрөгөөр үнэлэх вэ гэдгийг тогтоохгүйгээр лиценз олгож болохгүй" гэлээ. Иймд “Улсаа аврах ард түмний хөдөлгөөн”-ий зүгээс Оюутолгойд шаардах бичиг хүргэхээр болжээ. Уг бичигт "...Үндсэн хуулийн 6.1-т “Байгалийн бусад баялаг ард түмний мэдэлд болон төрийн хамгаалалтад байна” гэж заасан байдаг. Оюутолгойн гэрээ энэ мэт Үнсэн хуульд заасан олон заатыг зөрчсөн. 

Оюутолгойн гэрээг ард нийтээр хэлэлцүүлэхгүйгээр өөрсдийн эрх ашгаар гэрээг хийсэн. Гэрээн дээр 34 хувийг шууд зээмших буюу роялти татвар авна гэж бодож байсан ч тийм гэрээ хийгдсэнгүй. Тиймээс Оюутолгойн 51 хувийг эзэмших эрхээ эдлэх шаардлага бичгийг хүргүүлж байна” гэжээ. Мөн УИХ-аас гаргасан Оюутолгойн гэрээний хэрэгжилтэд үнэлэлт дүгнэлт өгөх ажлын хэсгийн ахлагч Д.Дамба-Очирыг сольсон. Иргэний нийгмийн байгууллагаас хоёр хүнийг ажлын хэсэгт багтаасан ч дахин энэ асуудлыг ил тод нээлттэй хэлэлцэж, ажлын хэсгийн гишүүдийг томилох асуудалд иргэний нийгмийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.  Иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд яг одоо "Моннис тауэр"-т байрлах Оюутолгойн оффист шаардлагаа өгөхөөр суулт хийгээд байна.

А.ДЭЛГЭР