Санхүүгийн зохицуулах хорооны даргын дэргэдэх Бодлогын зөвлөлийн ээлжит хоёрдугаар хурал өчигдөр боллоо. Зөвлөлийн хурлаар үнэт цаас, даатгал, банк бус санхүүгийн байгууллага болоод хадгаламж, зээлийн хоршоодын салбарт 2017-оос 2018 онуудад Хорооноос хийж гүйцэтгэсэн ажлуудыг танилцуулж, цаашид хийгдэх ажлуудын талаар зөвлөлийн гишүүд хэлэлцлээ. Мөн хурлаар Хорооны гадаад хамтын ажиллагааны талаар холбогдох танилцуулгыг хийж, зөвлөлийн гишүүд санал солилцлоо.
Хорооны даргын дэргэдэх Бодлогын зөвлөл нь энэ оны долоодугаар сард байгуулагдсан бөгөөд гишүүдээр Монголын даатгалын холбооны удирдах зөвлөлийн дарга П.Эрдэнэбаатар, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Өлзийбаяр, Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооны ерөнхийлөгч А.Алтансүх, Монголын хадгаламж, зээлийн хоршоодын үндэсний холбооны тэргүүлэгчдийн зөвлөлийн гишүүн Б.Насанжаргал, МУИС-ийн ШУ-ны сургуулийн эдийн засгийн тэнхмийн багш, доктор Б.Алтанцэцэг, “Ард санхүүгийн нэгдэл” ХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг, Хорооны Үнэт цаасны газрын дарга Б.Лхагвасүрэн, Даатгалын газрын дарга М.Өлзийбат, Хадгаламж, зээлийн хоршооны газрын дарга Ц.Алтантуул болон Банк бус санхүүгийн байгууллагын газрын орлогч даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Итгэлсүрэн нар ажиллаж байна.