Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 86 хувь нь шүдний эмгэгтэй байжээ
1 сарын 28, 2019

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын санаачлан зохион байгуулж буй “Амны хөндийн эрүүл мэнд” сэдэвт сургалтад Баянзүрх, Сүхбаатар дүүргийн цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч нарыг хамрууллаа.


Сургалтад тус дүүргүүдийн ЗДТГ-ын мэргэжилтэн, дүүргийн эрүүл мэндийн төвийн шүдний кабинетын эмч, өрхийн эмч, нийгмийн ажилтан зэрэг нийт 300 гаруй хүн оролцож, амны хөндийн эрүүл мэндийн талаарх мэдлэгээ дээшлүүлсэн юм.


Хүүхдийн шүдний цоорох нь чих, хамар хоолойн үрэвсэлт өвчнөөс гадна 200 гаруй нэр төрлийн өвчний шууд шалтгаан болоод зогсохгүй хүүхдийн суурь өвчин, амьсгалын замын өвчлөлд дам шалтгаан болдог. 


Тиймээс АШУҮИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн 2017 онд хийсэн судалгаанаас үзэхэд, нийт хамрагдсан хүүхдийн 86 хувь нь шүд цоорох өвчинтэй байсан бөгөөд үлдсэн 14 хувь нь эрүүл шүдтэй гэж гарсан байна. Мөн уг өвчний тархалт сургуулийн өмнөх насны хүүхдийн дунд 86.2 хувь, сургуулийн насныхан дунд 86.1 хувьтай гарчээ.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр тодорхой заалтыг тусган, хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд 2018 оноос “Амны хөндийн эрүүл мэнд” сэдэвт гарын авлагыг боловсруулан хэвлүүлж, нийслэлийн төрийн өмчит ЕБС-ийн 1-5 дугаар ангийн 3100 гаруй багшид сургалт зохион байгуулж бэлтгэсэн юм. 


Мөн холбогдох байгууллагуудад уламжлан ажилласны үр дүнд ЕБС-ийн 2018-2019 оны хичээлийн жилд Эрүүл мэндийн хичээлийн сэдэвт багтаан оруулсан билээ.