УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан (2019.05.24) 09 цаг 22 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон эдгээрийг дагалдаж батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан хоригийгхэлэлцлээ. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулав.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн уг албан бичигт, Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийг дагалдах хуулиудын хамт 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газарт ёсчилон ирүүлсэнтэй танилцлаа.
Авлигаас ангижрах, төрийн албаны хүнд суртлыг халах, баялгаа тэгш, хүртээмжтэй ашиглах, гадаадын хөрөнгө оруулагчидтай харилцан ашигтай шударга нөхцөлөөр хамтран ажиллах, үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх, дундаж давхарга, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, иргэдийнхээ эрх, эрх чөлөөг хамгаалах, хөдөлмөр эрхлэх таатай орчин бүрдүүлэх зэрэг асуудал нь улс орны эдийн засгийн хөгжилд нэн чухал нөлөөтэй тул төрийн аливаа бодлогод бүрэн тусгалаа олж, өөр хоорондоо уялдан, үр дүнтэй хэрэгжвэл зохино.
Үндэстэн дамнасан корпорациудад бага татвар төлөх, хуулийн хүрээнд татвараас зайлсхийх арга зам, боломжуудийг хуульчлан олгох нь зүйд нийцэхгүй
Монгол Улсын Үндсэн хуульд “хуулиар ногдуулсан албан татварыг төлөх нь иргэн бүрийн ёсчилон биелүүлэх үндсэн үүрэг” гэж заасан тул татварын багц хуулийн шинэчлэлийг нийт иргэн, аж ахуйн нэгжид хамаатай, тэдгээрийн хууль ёсны ашиг сонирхлыг зүй ёсоор хөндөх нийгмийн томоохон өөрчлөлт гэж үзэж байгаагаа дурдсан байлаа.
Олон улсын санхүүгийн бүлэглэлүүдийн улс дамнан үйлдэж байгаа татвар, санхүү, эдийн засгийн гэмт хэргүүдийн эсрэг тэмцэх олон улсын хамтын ажиллагаанд Монгол Улс 2018 онд нэгдэн орж, олон улсын татварын байгууллагуудын хэтийн чиг хандлагад нийцүүлэн татварын эрх зүйн орчноо сайжруулах шаардлагыг хүлээж авсантай холбогдуулан татварын багц хуульд туссан зарим өөрчлөлт, шинэчлэлтийг ололттой, оновчтой гэж үзэхийг үгүйсгэхгүй боловч үүгээр халхавчлан мөнгө угаах, хүү хүүлэх, татвараас зайлсхийх бусармаг үйл ажиллагааг өөгшүүлж, үндэстэн дамнасан корпорациудад бага татвар төлөх, хуулийн хүрээнд татвараас зайлсхийх арга зам, боломжуудийг хуульчлан олгох нь зүйд нийцэхгүй.
Түүнчлэн татварын багц хуульд хуулийг хоёрдмол утгагүй товч, тодорхой, ойлгоход хялбараар бичих Хууль тогтоомжийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй, олон улсын татвартай холбоотой зохицуулалтууд нь ашгийг гадагш шилжүүлж татварын суурийг гажуудуулах явдал /БЭПС/-ын эсрэг арга хэмжээнүүдийн утга агуулгыг дордуулсан, олон улсын татварын эрх зүйн актуудад заасан хэм хэмжээнд бүрэн нийцээгүй, дотоодын татварын орлогын суурийг бодитойгоор бэхжүүлэн нэмэгдүүлэх үр дүнд хүрэхээргүй шинэ нэр томъёолол төдий, улмаар хууль үл хэрэгжих нөхцөлд хүргэхүйц сөрөг үр дагавартай, засаж сайжруулбал зохих олон асуудал тусгагдсан байгаагийн зэрэгцээ улс орны эрх ашигт хохиролтой, татварын хүрээн дэх авлигын нөхцөл байдлыг улам хүндрүүлэх, Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох бусад хуультай зөрчилдсөн, хүлээн зөвшөөрөх боломжгүй агуулга бүхий зохицуулалтууд тусгагдаад байна гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга танилцуулгадаа дурдлаа.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон эдгээрийг дагалдаж батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан хоригийг хүлээн авах нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 16.7 хувь нь дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Дараа нь Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.
Хууль, тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй учир Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин болон ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй таван саналын томьёоллоор санал хураалт явуулав. Тухайлбал, тогтоолын төсөлд "төслийн тэмдэглэх хэсгээс “Бүгд Найрамдах Монгол Улсын Засгийн газар ба Зөвлөлийн Засагт Нийгэм Журамт Бүгд Найрамдах Холбоот Улсын Засгийн газар хооронд байгуулсан “Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэгийг үүсгэн байгуулах тухай” хэлэлцээрийн наймдугаар зүйлийн “ ж” гэснийг хасах", "төслийн 1.1 дэх дэд заалтыг төслөөс хасч, энэ дэд заалтаар зохицуулагдахаар тусгагдсан асуудлыг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсгийг үндэслэн Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар зохицуулах” гэж санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь дэмжив.
Мөн тогтоолын "төслийн 1 дэх заалт болон 1.2 дахь дэд заалтыг нэгтгэн “Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өөрийн хэрэгцээнд зориулан импортоор оруулсан дизель түлшний онцгой албан татварт төлсөн 73.8 тэрбум төгрөгийг Японы Олон улсын хамтын ажиллагааны банкнаас төмөр замын тээврийг сэргээн сайжруулахад зориулж олгосон “МОН-П1”, “МОН-П2” хөнгөлөлттэй зээлийн гэрээний дагуу тооцсон алданги, зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрөс суутгах тооцсугай” гэж, хуулийн төслийн 2 дугаар зүйлийн "2019" гэснийг "2020" гэж өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжив. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов гэж УИХ-Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.