Морин уралдааны ертөнцөд эрэмбээрээ ч, нэр хүндээрээ ч, эргэлддэг мөнгө, үзэгчдийн тоогоороо ч дээгүүр ордог “Breeders’ Cup World Championship-2019” АНУ-ын Калифорни мужийн Аркадий хотын “Санта Анита “ морин тойруулгын уралдааны замд болж өнгөрлөө. Морин сүлдтэй, мориндоо хайртай, морин хийморьтой морьтон Монголчуудын анхаарлаа хандуулах , бахархан ярих зүйл нь дэлхийд нэртэй энэ уралдааны хамгийн хүндтэй классик ангилалд монгол эзэнтэй, монгол уяачийн уяа сойлгийг нь тааруулсан “MONGOLIAN GROOM “ хэмээх хүлэг хурдлах байсан билээ. Энэ жил дөрвөн настай энэхүү ажнай бол “Макс”-ын Д.Ганбаатарын хүлэг бөгөөд уяа сойлгыг нь Э.Ганбат уяач тааруулдаг юм.
“Mongolian groom” -ыг
даага байхад нь Д.Ганбаатар 12000$ -аар худалдан авсан бөгөөд 2018,2019 онд
нийтдээ 16 уралдаанд гараанаас гарч, 3 удаа түрүүлж, 579 мянга 141 ам.долларын
орлого олж байжээ. Гэхдээ зөвхөн Breeders Cup-т уралдааны хураамжид 200,000$
төлсөн бөгөөд классик ангиллын уралдаан нь хамгийн өндөр шагналтай буюу 6 сая
долларыг түрүүлсэн хүлэг хүртдэг.
Арваннэгдүгээр сарын 2-нд
болсон “Breeders Cup-2019” -ийн сонгомол ангилалд 11 хурдан хүлэг гараанаас
гарсан бөгөөд “Mongolian groom” толгой хэсэгт гарсан цагаасаа эхлэн хурдалж,
2-3-т орж явсан барианд орохоос тун холгүй зүүн хойд хөлдөө маш хүнд гэмтэл авч
уралдаанаас харамсалтайгаар гарсан билээ. “Mongolian groom”-ыг тэр даруйд нь
мал эмнэлэгт хүргэсэн боловч аварч чадалгүй мал эмнэлгийн эрдэмтэн, докторуудыг
багтаасан комиссын тавьсан, онош зөвлөгөөний дараа хүнд гэмтэл авсан морийг
өвдөлт, гэмтлээс болж тарчилгахгүйн тулд тусгай унтуулдаг тариа хийж,
зохиомлоор “тэнгэрт халиажээ”.
Энэ мэдээг бичихдээ
монгол өвөг дээдэс, малчин зон олныхоо ухаан, эх дэлхий, байгаль, ан амьтан,
мал ахуйтайгаа харьцдаг харьцаа, философи, ур чадвар, мэдлэг, туршлага бол
орчин үеийн барууны техник, технологийн өндөр хөгжлөөс хэдэн мянга дахин илүү
юм даа гэдгийг тунгаан дотроо харамсаж суулаа даа. Монголд бол наад захын л
малчин хөл нь хугарсан, гэмтсэн, өвдсөн малаа ёстой л “Малаа яаж маллахаа
Марксизмаар заалгахгүй” гэдэг шиг л доор нь эдгээж, эмчилдэг дээ. Монгол морины
тэсвэр, тэвчээр ч гэхдээ энэ харийн удам угшилтай морьдоос өөр байх л даа.
Америкийн үндэсний
томоохон ТВ-ийн нэг NBC сувгаар шууд дамжуулсан энэ уралдаан “Санта Анита”
морин тойруулгад 10 дахиа зохиогдсон бөгөөд энэ жилийн уралдааныг цуцлаж, өөр
газар зохиохыг хэдэн хэдэн морины эзэд нэг бус удаа шаардаж байсан нь
“Mongolian Groom”-д золгүй явдал тохиосны дараа тодорхой болж, морин уралдааны
ертөнцөд томоохон шуугиан дагууллаа. Учир нь Санта Анитагийн тойруулгад
уралдааны болон бэлтгэл, сунгааны үеэр өнгөрсөн жилийн 12 сараас хойш гэхэд л
37 морь “тэнгэрт хальсан” юм байна. Эцэст нь тодруулахад 1982 оноос эхлэн
зохиогдох болсон “Breeder’s cup” нь 2006 он хүртэл нэг өдрийн уралдаан байсан
бөгөөд 1987 оноос хойш өнөөг хүртэл хоёр өдөр явагддаг болсон ажгуу.
Дотроо уралдааны зам, зай
нь өөр өөр 13 ангиллаар уралдаан болдог. Ангилал тус бүрд урьдчилсан
уралдуунуудад уралдсан байдал, оноо, шүүгчдийн үнэлэлт гээд олон шалгуур,
сорилыг давсан дээд тал нь 14 морь л уралддаг. Ангилал тус бүрийн шагналын сан
адилгүй. Доод тал нь 1 сая доллар, дээд тал нь 6 сая доллар. Нийт хоёр өдрийн
уралдааны шагналын сан нь энэ жилийнх л гэхэд нийтдээ 30 сая доллар. Нэр
хүндээрээ бол Triple Crown гэгддэг Kentucky Derby, Preakness Stakes, Belmont
Stakes цувралууд болон Францад болдог ARC хэмээн алдаршсан Prix de L ‘Arc de
Triomphe, Их Британийн The Royal Ascot, Арабын Нэгдсэн Эмиратад болдог Dubai
World Cup , Их Британийн The Grand National, Австралийн Melbourne Cup зэрэг
дэлхийн томоохон уралдаануудын нэг.
Дөрвөн жилийн өмнө энэ
уралдааны Turf sprint буюу зүлгэн 5,5 фурлон буюу нэг километр гаран зайд гурваас
дээш насны, манайхаар бол шүдлэнгээс дээш насны морьд уралддаг ангилалд мөн л
Д.Ганбаатарын хүлэг, Э.Ганбатын уяа сойлгыг нь тааруулсан “Mongolian Saturday”
(“Монголын Бямбаа”) хэмээх хурд түрүүлж байсан билээ.