Дэд сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдыг хүлээн авч уулзлаа
11 сарын 29, 2019

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг БНСУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ли Ё Хун-ыг Итгэмжлэх жуух бичгээ барихтай нь холбогдуулан хүлээн авч уулзав.

Уулзалтаар Дэд сайд Б.Батцэцэг хоёр улсын “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа идэвхтэй хөгжиж ирснийг дурдаад, цаашид худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд анхаарах хэрэгтэйг тэмдэглэв. Түүнчлэн ирэх 2020 онд Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож буйтай холбогдуулан энэ хүрээнд хоёр улсын найрсаг харилцааг бэхжүүлэхэд чиглэсэн олон арга хэмжээг зохион байгуулах, хоёр талын хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулахад Элчин сайдыг анхаарч ажиллахыг хүсэв. Мөн БНСУ-д манай улсын хамгийн олон иргэн сурч, ажил хөдөлмөр эрхэлж байгааг тэмдэглэж, тэдний ажиллах, амьдрах нөхцөлийг сайжруулах талаар БНСУ-ын Засгийн газраас анхаарч ирсэнд талархаж, цаашид иргэд харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх талаар Элчин сайдын зүгээс хамтран ажиллана гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв.


БНСУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ли Ё Хун хоёр улсын харилцаа, тэр дундаа харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд ихээхэн хүчин чармайлт гаргаж, идэвхтэй ажиллахаа мэдэгдэв. Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлэх дээд, өндөр түвшний айлчлал нь хоёр улсын харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц өгнө гэдэгт итгэж байгааг илэрхийлэв.

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Элчин сайд Ли Ё Хун-д ажлын амжилт хүсч, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллана гэв.