Төрийн банкны захирал асан Д.Баярсайхан нарт холбогдох хэргийг даваа гарагт Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүх хэлэлцэж, шүүгдэгчдэд 1-3 жилийн хорих ял оноосон байна.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн дөрөв дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Сун Гуан Чинд хоёр жилийн хугацаагаар хорих ял, Төрийн банкны захирал асан Д.Баярсайханд хоёр жилийн хугацаагаар хорих ял оноож, нийтийн албан тушаал эрхлэх эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасах шийтгэл оногдуулсан байна. Хэрэг гарах үед Төрийн банкинд албан тушаал хашиж байсан Б.Цэндсүрэнд гурван жил зургаан сар, нийтийн албан тушаал эрхлэх эрхийг таван жилийн хугацаагаар хасах шийтгэл оноожээ. Мөн Г.Тогтохбаярт нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ял оноож, дөрвөн жилийн хугацаатай нийтийн албан тушаал хаших эрхийг хязгаарлав.
Түүнчлэн, Л.Чинбатыг 10 сая төгрөгөөр торгож, нийтийн албан тушаал эрхлэх эрхийг хоёр жил, Д.Ганбаатарыг мөн 10 сая төгрөгөөр торгож, нийтийн албан тушаал эрхлэх эрхийг дөрвөн жилээр хязгаарлажээ. Үүнээс гадна М.Болортуяаг 12 сая төгрөгөөр торгож, Ц.Энхтунгалагт 1 жил 6 сарын хорих ял оноож, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жилийн хугацаагаар хойшлуулсан байна.
Д.Баярсайхан нар нь Төрийн банкны захирлаар ажиллаж байхдаа БНХАУ-ын “Шинжан Шинфан” компанид 20 тэрбум төгрөгийн зээл олгосон гэх хэрэгт холбогдсон юм.