Д.Нарангэрэл:Иргэд томуугаас урьдчилан сэргийлж, маск зүүж, шим тэжээлтэй хоол унд хэрэглэх хэрэгтэй
1 сарын 24, 2020

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. ДЭМБ хоёр өдрийн турш шуурхай хуралдаан хийсэн байна. Шинэ коронавирус олон улсын хэмжээнийх гэж үзэхгүй.Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал олон улсад үүсээгүй гэж ДЭМБ дүгнэжээ. Коронавирусээр 584 хүн өвчилснөөс 17 хүн нас барсан. Чихрийн шижин, зүрх судасны архаг өвчтэй хүмүүс байна. Нас барсан хүмүүсийн 70 хувь нь 40-өөс дээш насныхан байна. Монгол Улсад коронавирус бүртгэгдээгүй. Замын-Үүдээр орж ирсэн хоёр тохиолдол үгүйсгэгдсэн. Эрээн рүү буцаасан байна. Нийгмийн эрүүл мэндийн Тандалт судалгааны мэргэжилтэн Д.Нарангэрэл:

-Иргэд томуугаас урьдчилан сэргийлж, маск зүүж, шим тэжээлтэй хоол унд хэрэглэх хэрэгтэй. Бид ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу ажиллаж байна. Эрүүл мэндийн салбар 24 цагаар бэлэн байдалд ажиллаж байна хэмээв.

Түүнчлэн ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар "Женевт хуралдсан Олон улсын эрүүл мэндийн дүрмийн шуурхай хорооны байр суур, шийдвэрийг бид анхааралтай хүлээсэн. Тус хорооноос олон улсын түвшинд нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүсээгүй гэж дүгнэсэн. Тиймээс хил гааль, ямар нэг аялал жуулчлалд хорио тавихгүй. Мөн сургууль хаагдахгүй.

Аливаа шинэ халдвар тодорхой хугацаанд буюу шинжлэх ухаан, анагаах ухааны салбар таньж мэдэн, оношлуур, вакцин хийх хүртэл анхаарал татсан үе нь үргэлжилдэг. Ид дэгдэлтийн үе төгсгөл рүүгээ ирж байгаа гэж найдахаас өөр замгүй байна. Оношлуур гарсан, хэдийгээр өвөрмөц эмчилгээ гарч амжаагүй байгаа ч гэсэн вирусийн халдварыг дархлаагаа хэвийн байлгаснаар даван туулж эдгэдэг гэдгийг зориуд хэлье.

2003 онд SARS мөн анхаарал татаж гарч ирж байсан бол одоо байдаг л нэг вирусийн халдварт өвчин болсон.

Энэ удаад ДЭМБ-ын зөвлөмжөөс түрүүлж БНХАУ-ын засгийн газар Ухань хотын захиргаа хөл хорио тогтоолоо. Анхдагч голомтдоо хөл хорио тогтоосон нь эрсдлийг бууруулж байна" хэмээв.