П.Очирбат: Дубайн төлөвлөгөөг баталсан хүмүүсийг шоронд хорих биш, харин ч шагнах хэрэгтэй
2 сарын 4, 2020

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбаттай уул уурхай тойрсон сэдвээр ярилцлаа.


-Уул уурхайн салбарын олны анхааралд байгаа асуудлаар ярилцлагаа эхэлье. Оюу толгой төслийн хувь эзэмшигчид хэлэлцээрийн ширээний ард суугаад байна. Тодруулж хэлбэл, Монголын Засгийн газар төслийн гол хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийхээр боллоо. Таны зүгээс тэдэнд өгөх зөвлөгөө байна уу?

-Миний хувьд Монголын талынханд, “34 хувиасаа татгалзаж хувиа зар" гэж зөвлөнө. Ногдол ашиг хойшиллоо, өндөр хүүтэй төлбөр төлж байна гэх мэт шүүмжлэл, асуудлууд эндээс эхтэй.

Бид Оюу толгойгоос 17 төрлийн татвар, төлбөр, хураамж авч байгаа. Эднийгээ аваад явахад л Оюутолгойгоос ирэх ашгийн 53-56 хувь нь Монголын Засгийн газарт ирнэ. 34 хувиасаа татгалзаад зарлаа гэж бодоход нөөц ашигласны төлбөрөө нэмчих хэрэгтэй. Тэгвэл манайд орж ирэх мөнгө нэмэгдэнэ. Ийм зохицуулалтыг гадныхан зөвшөөрнө.

Учир нь энэ бол зах зээлийн арга. Зах зээл дээр зах зээлийн аргаар л тоглох хэрэгтэй. Гэтэл бид тэгдэггүй. Манай саналыг хүлээж ав гээд тулгачихдаг.

Энэ бол захиргаадалтын аргын нэг хэлбэр. Нөгөө талд хэлэх хоёр зүйл байна.

Нэгдүгээрт, менежментийнхээ зардлыг бууруулах хэрэгтэй. Ашгийн зургаан хувийг менежментийн зардалд авна гэдэг өндөр тоо.

Хоёрдугаарт, санхүүгийнхээ гүйлгээний ядаж зарим хэсгийг Монголын банк санхүүгийн системээр дамжуулж хиймээр байгаа юм.Хоёр талаас энэ нөхцөлүүдийг хангачихвал одоогийн үүсээд буй маргаан, үл итгэлцэл, үүнээс үүдсэн буруу зөрүү ойлголт гарахгүй байх орчин бүрдэнэ.

-Дубайд гарын үсэг зурсан далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөг шүүмжилсэн, үнэлсэн хоёр талтай сэтгэгдэл, байр сууриуд дуулддаг. Олны ярьж заншсанаар бол Дубайн гэрээг хэлээд байна л даа.Энэ шийдвэр цагаа олсон шийдэл мөн үү. Тухайн үед энэ гэрээг хоёр тал баталгаажуулж, гүний уурхайн бүтээн байгуулалт үргэлжлээгүй бол эдийн засаг хэцүүдэх байсан гэсэн байр суурьтай та санал нийлэх үү?

-Санал нийлнэ. Олон нийтэд Дубайн гэрээ гэж ярьж, мэдээлэх нь буруу.Гэрээ, төлөвлөгөө гэсэн хоёр ойлголт эрх зүйн чадамжийн хувьд огт өөр. УИХ-аас зөвшөөрөл авахгүйгээр гэрээ байгууллаа, эрхээ хэтрүүллээ гээд байгаа. Дахиад хэлэхэд энэ бол гэрээ биш төлөвлөгөө. Үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд санхүүгийн нэмэлт арга хэмжээ авъя л гэсэн.

Хэрвээ тийм арга хэмжээ аваагүй бол байдал хэцүүдэх байсан.Дубайн төлөвлөгөө бол цаг хожсон, хүндрэлийг газар авхуулж гүнзгийрэхээс сэргийлсэн үйл ажиллагаа. Тийм хүнд үед олон улсын банк санхүүгийнхэн Монголын Засгийн газарт итгэл үзүүлсэн нь өөрөө маш том өгөөж. Тухайн үеийн Засгийн газар зөв юм хийсэн.

Гүний уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөг баталж, бүтээн байгуулалтыг үргэлжлүүлсэн хүмүүсийг шоронд хийх биш, харин ч шагнах хэрэгтэй. Энэ шийдвэрийн ачаар Оюу толгой төслийнхөн үйлдвэрлэлийн хоёрдугаар босоо амаа ашиглалтад орууллаа.

Оюу толгойн үнэ цэнийн 80 хувь гүндээ бий. Гүнээс гарах бүтээгдэхүүний гол амин сүнс, дамжлага нь болсон хоёрдугаар босоо ам нээгдсэн нь маш том таатай мэдээ. Тиймээс Дубайн төлөвлөгөө бол Оюу толгойг аварсан төлөвлөгөө.

Тухайн үед Засгийн газар төлөвлөгөөний төсөл боловсруулж УИХ-аар батлуулах гэж явсан бол лав хагас жилийн ажил болох байсан. Өнөөхийг нь батлаа ч уу, үгүй ч үү. Дахин онцлоход, Засгийн газар цаг хожиж эрсдэлийг өөр дээрээ авч, Засгийн газар шиг ажиллаж чадсан. Би хувьдаа Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд шиг ажилласан гэж хэлнэ.

-УИХ-ын гишүүд, улстөрчид Оюу толгой компанийг ТЭЗҮ-ээ өөрчиллөө гэсэн шүүмжлэлийг давтамжтай хэлдэг. Ер нь ТЭЗҮ гэдэг бичиг баримт хөдөлшгүй зүйл мөн үү. Дэлхийд энэ бичиг баримтыг хөдөлшгүй зүйл гэж хардаг уу, эсвэл өөр жишиг байна уу?

-ТЭЗҮ гэдэг бол өөрчлөгдөшгүй, хууль шиг зүйл биш. Үе үе өөрчлөгдөж байдаг эд. Тэр дундаа уул уурхайд. Уул геологийн нөхцөл өөрчлөгдөх, хүдрийн агуулга буурах гэх мэт янз бүрийн өөрчлөлт гарч ирдэг. Тэр бүрд ТЭЗҮ-д байсан параметрүүдийг өөрчилж, тодотгоод явдаг учиртай.

Хоёр жил тутамд ТЭЗҮ-дээ тодотгол хийж бай гэсэн агуулгатай журам хүртэл бий. ТЭЗҮ-ийн мөн чанарыг мэдэхгүй учраас шүүмжлээд байгаа хэрэг.Байгалийн хуульд захирагддаг зүйл шүү дээ.Байгалийн нөхцөл байдал өөрчлөгдөнө, ТЭЗҮ -ийг тэр дагуу нь өөрчлөхөөс аргагүй.

-Эрдэнэт, Оюу толгой хоёрыг харьцуулж ярьдаг хүн олон. Наад зах нь Эрдэнэтэд хот байгуулсан, гэтэл Оюу толгой хот барихгүй юм гэж ирээд шүүмжилдэг. Харьцуулах боломжтой төслүүд мөн үү?

-Бид нэг зүйлийг дээр дооргүй ойлгомоор байгаа юм.Оюу толгой, Эрдэнэт бол хоёр өөр системийн байгууламжууд. Эрдэнэтийг социализмын үед барьж байгуулсан.Оюу толгой төслийн хэрэгжиж эхэлсэн цаг үе нь социализм биш. Капиталист нийгэм бол социализмаас тэс өөр.

Оюу толгойн ажилчдыг орон сууцанд амьдруулах арга, гарц мэдээж бий. Монголын төр иргэдээ орон сууцжуулах бодлогоор ипотек хэрэгжүүлдэг. Яг энэ хувилбараа Оюу толгойд хэрэгжүүлэх боломжтой.

Энэ ажлыг Монголын төр, Монгол улс өөрсдөө шийдэх ёстой. Төсөл хэрэгжүүлж байгаа талд хот байгуул гэсэн шаардлага тавьж болохгүй л дээ. Хөрөнгө оруулагч талд зэс хайлуулах үйлдвэр барь гэсэн шаардлага хэлж суугаа улстөрчид бий.Ийм ажил Оюу толгой төсөлд тусгагдаагүй.

Үнэхээр ийм үйлдвэртэй болох хүсэлтэй бол Монгол улс өөрөө хөрөнгөө босгоод үйлдвэр барьж, зэсийнхээ концентрацийг Оюу толгойгоос худалдаж авч, тэрийгээ дэлхийн зах зээл дээр гаргах хэрэгтэй.

-“Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудал дээр таны байр суурийг сонсъё?

-49 хувийн асуудал яригдаж шийдэл болохоос өмнө “Эрдэнэт”-ийн тодорхой хувийг хувьчлах шийдвэр Монголын төрд байсан. Тийм шийдвэр гаргасан байсан ч ямар нэг шалтгаанаар хойшилсоор олон жил өнгөрсөн юм.Ингээд xapaxaap 49 хувийг хувьчилсан нь зарчмын хувьд буруу биш.Хувьчилж болно.

Хувьчилж авсан мөнгө, санхүүгийн эх үүсвэр дээр эргэлзээ, хардлага байх шиг байна. Энэ хардлага хэр үндэслэлтэйг бол мэдэхгүй. Шүүх нь нэг шийдвэр гаргасан, төр нь болохоор өөр шийдвэр гаргасан дүр зураг харагдаж байгаа. Уг нь манай улс шүүхийн шийд эцсийн шийдвэр байна гэсэн хуультай.

-Манай улс уул уурхайгаас ихэнх доллараа олдог эдийн засагтай.Уул уурхайн экспортод нүүрс, зэс жин дардаг.Г эхдээ уран, газрын ховор элемент гээд ашиглавал овоохон валют олохоор эрдсүүд бий. Жишээ нь, дэлхийд эрэлт өндөртэй газрын ховор элемент дээр найдлагатай ямар ордууд байна вэ?

-Газрын ховор элементийн хувьд Лугийн гол, Мушгиа худаг гэх мэт ордууд өндөр найдлагатай гэж ярьдаг л даа.Гэхдээ яг ашиглалтад хүрэхүйц технологийн түвшинд боловсрогдоогүй. Эдгээр ордод польш, орос, япончууд ажилласан.Үр ашигтай технологийг олж сонгож чадаагүй байгаа.

Халзан бүргэдэйг бол ашиглахад бэлэн.Лицензийг нь гурван хуулийн этгээдэд хуваагаад өгчихсөн асуудал бий.Өнөөдүүл нь хөрөнгийн эх үүсвэргүй учраас өөрсдөө олборлолт явуулах боломжгүй.

-Хэн нэг хөрөнгөтэй хүнийг хүлээгээд сууж байгаа гэсэн үг үү?

-Ер нь бол тийм.

-Ойрын хугацаанд энэ ордоо ашиглах ямар гарц байж болох вэ?

-Улсын зүгээс тэр гурван хувьцаа эзэмшигчтэй тохироод, хамтрах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Монгол Улс гол тоглогч болж гадныхантай харилцмаар байгаа юм.Тэгээд ашгаа хуваах тал дээр лиценз эзэмшигчидтэй тодорхой тохироо хийсэн нь илүү зөв шийдэл болох байх.

-Ураны төслүүд дээр юу хэлэх вэ. Лав л Францын “Арева”-д данстай ордын нөөц дэлхийд гэж яригддаг. Уран дээр гуравдагч хөршид таагүй хандаад байна уу даа гэсэн дүр зуpaг анзаарагддаг..?

-Манай улс энэ чигт хойд хөрштэй хамтын үйлдвэр байгуулсан ч ажилладаггүй гэсэн шалтгаан бий. Хятадтай ураны салбарт хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурчихсан. Францтай бас зурсан. Өөрөөр хэлбэл хоёр хөрш, гуравдагч хөрш гээд гурвуулантай нь ураны салбарт хамтарч ажиллах тохиролцоотой.

Тийм учраас нэг нь нөгөөдөө саад болох улс төрийн болоод эдийн засгийн ямар ч хүчин зүйл байхгүй.Хятад, Оросыг бодвол Францын технологи энэ тэр нь ахицтай яваа. Одоо туршилтын үйлдвэрийг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа.Гэвч аймгийн мэргэжлийн хяналтын газрын нэг мэргэжилтэн гарын үсэг зурахгүйгээс болоод хагас жил гацаж байна.

-Ямар шалтгаанаар гарын үсэг зурахгүй байгаа юм бол?

-Шалтгааныг нь асуухаар “Тэгж талхнаасаа салмааргүй байна” гэдэг.“Яахаараа талхнаасаа салдаг билээ” гэж лавлахаар “Энэ уранаас чинь болоод манай энд тугал бяруу үхээд шуугиан дуулиан болсон, ийм үед толгой мэдэж гарын үсэг зурахгүй” гэсэн хариу хэлж байгаа юм.Манайд байдал ийм л байна.

-Манайхны иймэрхүү хандлага францчуудад ойлгомжгүй санагддаг байх даа?

-Наад зах нь л “Танайх нэгдсэн улс байтал яагаад холбооны улс шиг юм бэ” гэж асууна. Гэхдээ нэг зүйл маш тодорхой. Ураны төсөл урагшилна.

-Ураны төсөл амжилттай хэрэгжинэ гэдэг та 100 хувь итгэлтэй байна уу?

-Итгэлтэй байгаа.

-Асгатын мөнгөний орд эдийн засгийн хувьд хэр ашиг өгөөжтэй бол. Ер нь ашиглах боломж бололцоо нь ямархуу орд вэ?

-Асгатын ордын хүдэрт “хортой” гэгддэг сурьма, мышьяк (хүнцэл) бий. Эдгээрийг бүрэн ялгах технологи дэлхийд элбэг биш. Оросын нэг компани эдгээр хортой элементийг торгуулийн хэмжээнээс бага хэмжээгээр ялгаж чадна, хамтаръя гэсэн санал өгч байсан юм.

Манайхан тэр компанитай тохироод гарын үсэг зураад иртэл эндээ бужигнаад Засгийн газар өнөө тохироог нь хүчингүй болгочихсон түүх бий. Одоо ашиглая гэвэл өвлийн цагт хил гарах гэх мэт жаахан зовлон бий. Түүнээс биш дажгүй орд л доо. Өндөр агуулгатай мөнгөний орд.

-“Алт” хөтөлбөрийн эдийн засагт өгсөн өгөөжтэй ярилтгүй, эерэг нөлөө нь жин дарна.Хөтөлбөрийн хэрэгжилт дээр алдсан тал бол бий.“Алт” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ бид яг юун дээр алдсан бол?

-“Алт” хөтөлбөр дээр алдсан нэг ноцтой алдаа бий. Тэр нь олны нэрлэдгээр “нинжа" гэгдэх иргэд. “Нинжа” гэгдэх иргэд энд тэндгүй газар сэндийлээд эхэлсэн. Ийм шалтгаанаар байгаль орчинд гарсан сөрөг нөлөөллийг алт олборлогчид, “Алт” хөтөлбөрийн үр дагавар гээд дүгнэчихсэн л дээ. Үнэн хэрэгтээ “нинжа” нар бол уурхайчид биш.

Хоёрдугаарт, алт олборлож байх үед олборлогчдод нэг асуудал бэрхшээл байсан.

Тодруулж хэлбэл, алт олборлогчдод тухайн үед нөхөн сэргээлт хийх хөрөнгө мөнгөний бололцоо байгаагүй.Ийм шалтгаанаар нөхөн сэргээлтийг нэлээд орхигдуулсан тал байгаа.“Алт” хөтөлбөрийн өгөөж бол тодорхой.Зөвлөлтийн тусламж зогсож, улсаараа хэцүү байдалд орчихсон үед аминд орсон хөтөлбөр.

-Алтны салбараас “Сентерра голд”, уранаас “Хан ресурс” гээд гуравдагч хөршийн хөрөнгө оруулагчдыг шахаж, шүүмжилж байгаад гаргасан жишээ ганц хоёроор тогтохгүй. “Сентерра голд”-ыг гэхэд Бороогийн алтыг үнэгүй шахуу олборлоод зарчихсан гэж ирээд шүүмжилдэг. Энэ хандлага дээр та ямар бодолтой явдаг вэ?

-Гурав дахь хөрш гээд ярихаар хамгийн түрүүнд ярих учиртай давуу тал бол дэлхийн стандартын түвшний үйлдвэрлэл, үйлчилгээ. Тэд ийм стандартаар ажилладаг.”Бороо гоулд”-ыг тойрсон шүүмжлэл бол хувийн атаархал, өрсөлдөөн гэж харагддаг. Унци алт 250-хан ам.доллар байх үед Бороог хэн ч сонирхож байгаагүй.

Энэ ордыг Ардчилсан Германынхан анх хайж, нээж, үйлдвэр барих ТЭЗҮ хийж явсан юм. Тэгээд эдийн засгийн үр ашиг муутай учраас ажиллах сонирхол алга гээд явсан. Дараа нь хоёр Герман нийлсэн хойно баруун Герман талынх нь хүмүүс ирж байлаа. Тухайн үед Зүүн Германы хүмүүс нь 350 ажилтантай үйлдвэр байж болох юм гэсэн ТЭЗҮ-ийн баримжаа тооцоо хийчихсэн байсан юм.

Гэтэл барууныхан нь хүрч ирээд 50 хүнтэй ажиллахад болно гээд өөр технологийн боломж байгаа тухай хэлсэн. Наад тооцоогоороо ажилла гэсэн боловч ашигтай ажиллах нөхцөл бага, өрсөлдөх чадварын хувьд сайн биш гээд тоогоогүй. Тэр үед “Алтай трейд”-ийнхэн Сентерра голдынхонтой ярьж, хөнгөлөлттэй нөхцөл амлаж байж гэрээ хэлэлцээр хийсэн юм билээ.

Ингээд ажиллаж эхэлтэл дэлхийн зах зээл дээр алтны үнэ өсөж, 200, 300 биш 800, 900 хүрч, бүр мянга шүргээд ирсэн. Яг тэр үед өмнө нь энэ ордыг тоохгүй байсан улсууд сая таны онцолсон шүүмжлэлийг хэлж эхэлсэн байдаг юм. Өчнөөн жил ашиглах алтыг хэдхэн жилийн дотор аваад гарчихлаа гэж ирээд шүүмжилсэн. \

Бизнесийн гол зарчим бол ашиг. Ашгийн төлөө урагшилдаг. Бага багаар олон жил ашиглаж зардал гаргаад суухыг ямар ч бизнес эрхлэгч хүсэхгүй.

Ашиг орлогоо нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлэх нь ойлгомжтой. Энэ хандлага уран дээр бас тод ажиглагдсан шүү. Энэ салбарт гуравдагч хөршийн компани хөрөнгө оруулаад ажиллаж эхлэнгүүт уран бол зэвсгийн түүхий эд, зөвлөлтөөс өөр газартай энэ салбарт ажиллаж болохгүй шахуу юм ярьцгаасан.

“Бид хөрөнгөтнүүдийг ийм айхавтар цөмийн зэвсгийн түүхий эдээр хангаад байж болох уу, зөвхөн зөвлөлттэй л ажилладаг” гэсэн ойлголтоор хандацгаасан тал бий. Гэтэл ачир дээрээ өнөө улс нь манайд бүү хэл өөртөө хөрөнгө оруулах боломжгүй болж Мардайн ураны үйлдвэрийг хаагаад орхиод явсан.

Оросуудыг гараад явсны дараа гуравдагч хөршийн компаниуд ирж, бизнесийнхээ ном дүрмээр хайгуул хийгээд ажиллангуут зогсоочихож байгаа юм.

-Тэгээд өмнө нь орхиод хаяад явчихсан оросуудад буцаагаад өгчихсөн. Бизнес талаасаа бол яаж ч хараад ойлгохооргүй хандлага шүү?

-Энэ бол бизнесийн дүрэм биш. Тоглоомын дүрмийг тоглож байх явц дундаа сольдоггүй хатуу хууль бизнест бий. Гэтэл манайхан тэгдэггүй. Бид лицензээ цуцаллаа гээд л болчихдог.

-Чөлөөт зах зээлтэй улсуудын бизнес эрхлэгчид манайхны энэ хандлагаас болж арбитрт хандаж, Монгол Улсын Засгийн газар өр төлбөрт унасан жишээ ганц хоёроор тогтдоггүй....?

-Манайхан хууль зөрчөөд байдаг учраас арбитрт ялагддаг. Зуун сая ам.доллар төлөх байсан ч хүчин чармайлт гаргасны эцэст 70 сая ам.доллар болгож буулгалаа гэж ирээд мэдээлдэг л дээ. Төр хариуцлагагүй, буруу шийдвэр гаргасан учраас Монголын Засгийн газар өр төлбөрт унаж, Монголын татвар төлөгчдийн мөнгө гадагшаа дэмий урсдаг. Ийм байхад бид чадалтай сайндаа өр төлбөрийнхөө хэмжээг буурууллаа гэж хэлээд сууж болох уу.

-Таныг Монгол Улсын Ерөнхийлөгч байх үед газрын тосны салбарт орж ирээд тусгай зөвшөөрлөө Хятадын компанид өгөөд Монголыг орхисон “Соко интернэйшнл” бас гуравдагч хөршийн компани. Тэр үед “Соко интернэйшнл” ямар шалтгаанаар тийм алхам хийсэн юм бол?

-Бид аман дээрээ гуравдагч хөршийн бодлоготой гэж ярьчихаад ачир дээрээ дандаа эсрэг зүйл хийдэг. Үүний бас нэг жишээ л дээ. Өрөмдлөг, геофизик гэдэг чинь асар их хөрөнгө хугацаа зардаг ажил. Гэтэл манайхан лиценз авсан талбайдаа үйл ажиллагаа явуулахгүй байна гээд талбайнхаа мөнгийг нэмэх гэх мэт хандлага гаргаж эхэлсэн.

Манайд байгаа нефть хэрдээ адармаатай бүтэцтэй. Маш нарийн тогтоцтой. Нэлээд гүн рүү өрөмдөх шаардлагатай байдаг юм. Тэр хэрээрээ зардал мөнгө их шаардана. Харин Хятадын компаниудын хувьд Засгийн газар нь дэмжээд санхүүжүүлчихдэг учраас хөрөнгө мөнгөний асуудал гардаггүй онцлогтой.

Хувийн хэвшлийн ямар ч компанийн хувьд Хятадын компанитай өрсөлдөхөд хэцүү байдаг нь цаанаа ийм шалтгаантай. Тухайн үед болсон үйл явдлын ард байсан шалтгааны нэг нь энэ.

-Ингэхэд манай нефтийн нөөц тухайн үед дэлхийн улс орнуудын сонирхлыг татахуйц хэмжээнд байсан болов уу?

- Жараад онд Зөвлөлтийн эрдэмтэд манай улсын нефтийн судалгааг хийсэн юм. Тэгээд “Монголд нефть олборлолтын хэмжээнд хүрэх хэтийн төлөв алга” гэсэн дүгнэлт гарсан байдаг л даа. Ийм агуулгатай гурван боть тайлан биччихээд явсан улс. Гэтэл Их Британийн “Бритиш петролиум” наяад оны дундуур ирж судлаад "Танай улс нефтийн нөөц ихтэй юм" гэсэн дүгнэлт гаргасан.

-Хуучин нийгмийн үед тэд яаж яваад манай улсад судалгаа хийчихэв?

-1986 он шиг санагдана, би Лондонд явж байхдаа тэдэнтэй уулзаж ярьсан юм. Тэр үед өнөөдүүл надад нэг том газрын зураг үзүүлээд “Танай Монгол нефттэй юм байна. Танай нутгаар нефтийн зурвас дайрч өнгөрсөн байна, үүнийгээ хайж мэдсэн зүйл бий юу” гэж асуусан.

“Нөөцтэйгөө мэднэ, гэхдээ нефтийн гарц муу гэх мэт шалтгаанууд байгаа учраас өндөр үр бүтээлтэйгээр ашиглах боломжгүй” гэлээ. Нөгөө талаас судлаад үзье гэсэн санал хэлэхээр нь би тэр үедээ бүдүүн зүрх гаргаж за зүй боллоо. Тэр үе чинь социализм.

Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр гадны гуравдагч оронтой хамтарч стратегийн айхавтар бүтээгдэхүүнээ судлах, ярих боломж байгаагүй. Ирээд дарга нартаа илтгэлээ. СНЗ-ийн дарга нь Содном гуай. Төв хорооны үйлдвэрлэл эрхэлсэн дарга нь Моломжамц гуай. Судлуулъя гэж байна. Тэгээд Британийн “Бритиш петролиум”-ынхан ирж бүтэн хагас жил манайд судалгаа хийлээ.

Судалгаагаа хийсний дараа “Танайд нефть их байна” гэдэг юм. “Их бага гэдэг чинь тодорхой үг биш л дээ. Кувейтийн хэрийн юм байна уу” гэж асуулаа. Гэтэл “Тэр нь ч юу юм, судалбал яагаад болохгүй билээ” гэдэг байгаа. Бас л донжтой үг шүү.

-Тэгээд нарийн судалгаа хийлгэсэн үү?

-Тэр үед “Бритиш петролиум” 40 жил ажиллаад үзье, энэ хугацаанд нефтэн дээрээ чөлөөтэй ажиллах эрх өг гэсэн л дээ. Хүлээн зөвшөөрөх арга байгаагүй. Тэгээд тэд “Гурван жилийн дотор энэ тайланг манайхыг хийсэн гэж дэлхийд битгий зарлаарай” гээд тайлангаа үнэгүй өгөөд буцсан.

-Зөвлөлтийн зүгээс ирээдүйгүй, хэтийн төлөвгүй гэчихээд байхад “Бритиш петролиум” их нөөцтэй улс гэж дүгнэчихжээ..?

-Харин тийм, эрс тэс дүгнэлт байгаа биз.

-Нөөц байна гэчихвэл нефтиэрээ уях боломжгүй болчихно гэж болгоомжилсон байж мэдэх юм...?

-Үгүйсгэх аргагүй. Би чамд ахиад нэг зүйл ярья.

Манайхан нефть дамжуулах хоолой, хий дамжуулах хоолой гэж яриад байна аа даа. Үүнийг чинь наяад оны дундуур Англи, Орос, Хятад, Монгол гэсэн дөрвөн улс ярьж байсан юм. ОХУ, Хятад улсыг холбосон нефть, хий, цахилгаан дамжуулах хоолойг манай улсын нутгаар дамжуулан тавих том төслийн 60 хувийн санхүүжилтийг Англи гаргах тухай ярьж байлаа.

Үлдсэн 40 хувийг хоёр хөрш гаргах тохироотойгоор. Манай улсын хувьд нутгаараа дамжин өнгөрүүлж байгаа учраас хөрөнгө мөнгө гаргахгүй гэж байсан юм. ОХУ зөвшөөрсөн ч, Хятад зөвшөөрөөгүй. Английн сонирхол бол өндөр байсан.

Өртгөө хурдан нөхөх боломжтой гэж тооцож байсан хэрэг.

-Сонсоогүй түүх байна шүү. Ингэхэд та яг Үндсэн хуульд туссан 6.2 дээр ямар бодолтой яваа вэ?

-6.2-ыг хэрэгжүүлэх хууль гаргана гэж байгаа. Тэр хууль яаж гарахаас шалтгаална. Хэрэв тэр хууль зөв зохицуулалттай батлагдвал Үндсэн хуулийн 6.2-т хийсэн өөрчлөлт болохгүй юм биш. Төр хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгодог байсан, олгодгоороо л олгоно. Төрийн гэдгийг ард нэмсэн нийтийн гэдэг үг энэ тохиолдолд айхавтар нөлөө үзүүлэхгүй.

Харин орлогын дийлэнхийг ард түмэнд өгнө гэсэн утга хуульд буруугаар тусвал ярвигтай. Монголын болон гадны аль нэг компанийн хамтын үйлдвэр байлаа гэж бодъё. Т эр тохиолдолд орлого нь дундынх байж таарна. Тэр орлогын дийлэнхийг ард түмэнд өгнө гэсэн ойлголтоор хууль боловсруулж баталбал аймшигтай юм болно.

Эдийн засгийг нураана. Харин Монгол Улс Засгийн газартаа ногдох орлогын дийлэнхийг ард түмэндээ өгнө гэвэл өөр хэрэг. Энэ бол Монголын дотоод хэрэг.

-Уул уурхайн салбар бол доллар олох гол суваг. Энэ салбартаа дулдуйдаж цаашдын хөгжлийнхөө суурийг тавихаас өөр гарц байхгүй гэсэн байр суурь бий. Таны хувьд уул уурхайн салбартаа зөв бодлого хэрэгжүүлж, энэ салбартаа дулдуйдаж л хөгжинө гэдэгтэй санал нийлж байна уу?

-Бид ерээд оноос өмнө ч гэсэн уул уурхайн бүтээгдэхүүнээ экспортолж амьдарч ирсэн. Ерэн оноос хойш гадаадад хамаг баялгаа гаргаж эхэлсэн гэдэг бол туйлширсан ойлголт. Монгол Улс аль ч үед байгалийн баялаг, эрдсийн түүхий эдээ олборлож, гадаад зах зээл дээр гаргаж гадаад худалдааны тэнцлээ хангаж ирсэн.

Лав л энэ зууны тавиад он хүртэл Монголын эдийн засагт уул уурхай зонхилсон хэвээр байна. Гагцхүү уул уурхайгаас орж ирж байгаа орлогыг эдийн засгаа солонгоруулахад зөв зарцуулах хэрэгтэй . Тэгж чадвал эдийн засгийн маань бүтэц аяндаа зөв болж, ганц салбараас хамаарахаа болино.

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН