Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагчдад олгох тэтгэлгийг сард 200 мянган төгрөг байхаар тогтоов.
Тодруулбал, МСҮТ-ийн 2.5 жил, нэг жилийн өдрийн анги, техникийн боловсрол эзэмшүүлэх гурван жил, 1.5 жилийн өдрийн ангид суралцагч, ажил олгогчийн захиалгаар 4-6 хүртэл сарын сургалтад хамрагдаж байгаа 45 хүртэл насны суралцагчид сар бүр 200 мянган төгрөгийн тэтгэлэг олгоно. Гэхдээ суралцагч нь сургуулийн дотоод журам болон ёс зүйн дүрэм зөрчөөгүй, тухайн сарын онол, дадлагын хичээлийн 75-аас дээш хувьд нь суусан байх ёстой. 2019-2020 оны хичээлийн жилд мэргэжлийн боловсролын 80 байгууллагад 37.5 мянган хүн суралцаж байгаагийн 36 мянга гаруй нь мэргэжлийн болон техникийн боловсролын өдрийн ангийнх юм байна.
Ташрамд дурдахад, Засгийн газар 70 мянган төгрөг байсан тэтгэлгийг 2019 онд 100 мянган төгрөг болгож нэмсэн юм.
-АНУ-ын Чикаго хотод Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах тухай хэлэлцээд УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр болов.
Чикаго хот орчимд 8000 орчим монгол иргэн амьдарч, ажиллаж, сурч байна. Ажлын байрны олдоц сайн, амьжиргааны түвшин харьцангуй бага, байрны түрээс хямд, шинээр мэндэлсэн хүүхдийг даатгалд хамруулж, 16 нас хүртэл нь эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг зэрэг халамжийн ээлтэй бодлоготой учир монголчууд ихээр суурьшдаг байна.