З.Энхболд: 209 жил ашиглах, жил бүр нэг тэрбум ам.доллараар зарж болох нөөцөө ганцхан тэрбум ам.доллараар борлуулах гэж байна
3 сарын 5, 2020

Ардчилсан намын даргын ахлах зөвлөх З.Энхболдтой ярилцлаа.


-“Эрдэнэс Таван толгой”-н хувьцааг хууль бусаар шилжүүлж, улмаар хувьчлахад бэлдэж байгаа гэдэг нь үнэн үү. Энэ асуудал анх хөндөгдөхөд та бас эсэргүүцэж байсан санагдаж байна.

-2018 оны зургадугаар сарын 29-ний өдөр “Эрдэнэс Таван толгой”-г хувьчлах УИХ-ын 73 дугаар тогтоол гарсан юм. Би энэ өдрийг яагаад сайн санаж байна вэ гэхээр зургадугаар сарын 20-30-ны хооронд ОХУ-д Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болсон юм. Тухайн үед би Екатеринбургт хөл бөмбөг үзээд явж байсан. УИХ-ын тогтоол гарлаа гэдгийг дуулаад яаруу сандруу ирж, хувьчилж болохгүй талаар “Өдрийн сонин”-д ярилцлага өгч байлаа. Түүнээс хойш тэд ичингүйрхсэн шиг байгаа юм. Харин 2019 оны долдугаар сарын 9-ний өдөр Засгийн газрын 296 дугаар тогтоол гарч, дээрх тогтоолыг хэрэгжүүлнэ гэж оролдож байгаа. Үүний тулд Засгийн газар “Эрдэнэс Таван толгой”-н 30 хувийг хөрөнгийн бирж дээр зарна гэж. Их хурлын тогтоолд бол Таван толгойн ордын үнэ цэнийг өсгөх хүрээнд холбогдох дэд бүтцийн болон шаардлагатай бусад төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх гэсэн байна. 2018 оны тогтоол гарснаар хэд хэдэн чухал үйл явдал боллоо л доо. Нэгдүгээрт, энэ тогтоол гарснаар “Эрдэнэс Таван толгой” ашигтай ажиллаад, Зүүнбаянгийн төмөр замын мөнгийг 100 хувь өгөөд, бонд гаргаад, 2019 оны цэвэр ашиг болох нэг их наяд төгрөгнөөс 800 тэрбум төгрөгийг Засгийн газарт өгсөн.

Засгийн газар 80 хувийнх нь эзэн учраас тэр, 20 хувь нь ард түмний өмч юм. 200 тэрбум төгрөгөөсөө ногдол ашиг өгөхөөр болж, 1072 хувьцаанд 94490 төгрөг оногдож байгаа. Зүүн тийшээ болон урагшаа явж буй төмөр замыг хоёуланг нь “Эрдэнэс Таван толгой”-н мөнгөөр санхүүжүүлсэн. Зүүн тийшээ явж байгаа нь энэ есдүгээр сард, урд талынх нь ирэх оны наадмын үеэр ашиглалтад орохоор төлөвлөгдсөн.

Хоёрдугаарт, 2019 оны наадмын үеэр Ерөнхийлөгч х.Баттулга үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжиж оролцсон. үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд байгалийн баялгийг төрийн өмч мэтээр УИХ-ын гишүүд, засгийн газар нь мэдэж зарчихдаг байдлыг болиулсан. Т.Аюурсайхан, Б.Бат-эрдэнэ нарын гишүүд санал гаргаж, байгалийн баялаг төрийн, нийтийн өмч байна, тэр нь нийт ард түмэнд хүртээлтэй байна гэж оруулсан. Тийм байхад л хувьчлалаа хийх гэж улайрч байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт тавдугаар сарын 25-ны өдрөөс хүчин төгөлдөр болно. Түүнээс өмнө амжиж “Эрдэнэс Таван толгой”-н 30 хувиа зарчих гээд байна л даа. Хамгийн гол нь 2018 оны зургадугаар сарын 29-нд УИХ-аар “Эрдэнэс Таван толгой”-н 30 хувийг зарах шийдвэрийг гаргуулахдаа таван тэрбум ам.доллараар зарна гэж зөвшөөрүүлсэн байгаа юм. Гэтэл өнөөдөр нэг тэрбум ам.доллараар зарах гэж байна.

-Үүний учрыг та юу гэж харж байна вэ?

-Угаасаа зах зээл ингэж үнэлэх нь тодорхой. Таван тэрбум ам.доллар гэж худлаа ярьж батлуулсанд их асуудал байна. Яахав тэр үед нэг биш ч гурав, эсвэл 3.5 тэрбум ам.доллар байсан байх. Таван тэрбум ам.доллар гэж хэлэхгүй бол УИХ-ын гишүүд нь зөвшөөрөхгүй л дээ. Тиймдээ ч энэ засгийн газар нь УИХ-ын гишүүдээ хуурсан хэрэг.

Нэг тэрбум ам.доллар гэдэг ердөө “Эрдэнэс Таван толгой”-н өнгөрсөн жилийн л борлуулалт. Нэг тэрбум ам.доллараар экспорт хийгээд нэг их наяд төгрөгийн цэвэр ашиг хувааж байна. 2015 оны Ц.Элбэгдорж, М.Энхсайхан, Ч.Сайханбилиг нарын луйврыг бодоход энэ нь хамаагүй ашигтай л даа. 30 хувиа таван тэрбум ам.доллараар зарна гэж байгаад одоо нэг тэрбум ам.доллар руу бууж байна. Тэр үед 6.7 тэрбум тонны нөөцөө Хятадад 100 хувь үнэгүй өгөх гэж байлаа шүү дээ. Одоо түүнийгээ зөв байсан гэж яриад л хүний толгой эргүүлээд байгаа юм. 6.7 тэрбум тонн нөөцөө 6700 хонь гэе. Гэнэт нэг өдөр танайд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Шадар сайд гурав орж ирээд “Энэ 6700 хонь чиний мал биш. чи бол мал хариулж чадахгүй мулгуу амьтан байна. Чи цалингаа аваад л наад малаа малла. Харин хонь чинь Хятадын компанийнх болсон шүү” гэж хэлсэнтэй яг л адил юм болсон. 6700 хониноос гарах мах, сүү, арьс ширийг ч өнөөх Хятадын компани л авна. Цалин авч байгаа малчинд тэр бүхэн хамаагүй болчих учраас тэр. Яг л ийм шийдвэр гарах гэж байсныг 2015 онд манай УИХ-ын 40 гишүүн эсэргүүцэж, мөн оны дөрөвдүгээр сарын 6-нд нэгдсэн хуралдааны нээлтийн үгэн дээр хэлж, энэ гэрээнд гарын үсэг зурвал огцруулна гэж айлгаж байж зогсоосон.

Гэтэл тэдний үйл хэргийг У.Хүрэлсүх, Д.Сумъяабазар хоёр үргэлжлүүлчихсэн явж байна. 2018 оны Уих-ын, 2019 оны засгийн газрын тогтоолуудыг хэлж байгаа юм. Тэр хооронд төмөр замын мөнгө хэрэггүй боллоо. Үндсэн хууль өөрчлөгдлөө. Гэсэн ч ойролцоогоор 209 жил ашиглах, жил бүр нэг тэрбум ам.доллараар зарж болох нөөцөө ганцхан тэрбум ам.доллараар борлуулах гэж байна шүү дээ. Цаана нь 208 жил ашиглах нөөцөө монголчууд бид бэлэглэнэ гэсэн үг.

-Таван тэрбум ам.доллараар зарна гэчихсэн тогтоол бий. Гэтэл өнөөдөр нэг тэрбум ам.доллараар зарахаар болсон талаар та хэллээ. Энэ зөрүүнээс үүдэж тооцооллуудаасаа эхлээд л зөрж таарна биз дээ?

-Бүгд будилна. Үүнийг эсэргүүцэж Самбуунямын эрдэнээ гэж хүн холбогдох албан тушаалтнуудад маш олон бичиг өгсөн юм билээ. Хоёрдугаар сарын 12-нд өгсөн бичигт өнөөдрийг хүртэл хариу байхгүй.

-Хувьчиллаа гэхэд худалдан авагч нь хэн байх бол?

-Хэн ч байж болно. Манай олигархууд ч байж мэднэ. Хэн дуртай нь нэг тэрбум ам.доллараар авчихна. Авах хүнтэйгээ цаанаа тохирчихоод зардаг бизнес байхгүй юу. Нөгөө хүмүүс нь таван тэрбум ам.доллараар юу гэж авах вэ гэсэн учраас нэгээр зарахаар болсон байх. Ийм луйвар байж болохгүй. Угтаа “эрдэнэс Таван толгойн хувьцаа эзэмшигч нь чи, би, бид бүгдээрээ мөн. Хоёр сая 350 мянган монголчууд хувьцаатай байгаа. Тийм байхад иргэдээс зөвшөөрөл авахгүйгээр хувьцааг нь зарах ажиллагаа эхэлсэн байна.

-Иргэд ногдол ашиг хүртэх хүлээлттэй байсан. Тиймдээ ч энэ удаагийн ногдол ашиг өгөх шийдвэрийг иргэд дэмжсэн. Мөн цаашдаа ч ногдол ашиг авна гэсэн хүлээлт үүссэн нь мэдээж.

-Би ард түмэнтэйгээ цуг байгаа. их бага нь хамаагүй би 209 жил ногдол ашиг авмаар байна. Гэтэл Уул уурхайн сайд Д.Сумъяабазар хамгийн их коксжих нүүрстэйг нь тасалж өгөөд, 30 хувийг нь зарах гэж байна.

-Таныхаар энэ бүхний хариуцлагыг хэн үүрэх ёстой юм бэ?

-Зарахаас нь өмнө зогсоох л хэрэгтэй. МАН дураараа аашилж хууль бус хувьчлалыг хийвэл дараагийн Уи х засна, хүчингүй болгоно. Хамгийн сайн зүйл нь МАН ухамсарлаад өөрсдөө 73 дугаар тогтоолоо хүчингүй болгочих хэрэгтэй. үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орсон учир бидний урьд нь төлөвлөсөн зүйл буруу байжээ гээд л болоо.МАН-ын өөрийнх нь л эрх ашиг. Шууд маргааш цуглаад 73 дугаар тогтоолоо хүчингүй болгоод, засгийн газар нь хувьчилж авна гэж ярихаа болих хэрэгтэй.

“Эрдэнэс Таван толгой”-г хувьчилбал Монголын ард түмэн хохирно, үүнийг хийж байгаа хэдэн дарга нарт л хэрэгтэй байх. Цахилгаан станц барихад мөнгө хэрэгтэй гэх юм. Зээл аваад л барина биз дээ. Заавал уурхайгаа өгч яах гэсэн юм бэ. энэ уурхай жил бүр нэг тэрбум ам.доллар өгөөд байна шүү дээ.

-БНХАУ зээлийн төлөлтийн асуудлаар Ерөнхийлөгчийг сая дуудсан гэдэг үнэн үү. Энэхүү зээлийн асуудал нааштайгаар шийдэгдсэн гэх юм. Энэ талаар танд мэдээлэл бий юү?

-Нэгдүгээрт, Ерөнхийлөгчийг дуудаагүй. Хоёрдугаарт, мөнгө төгрөгний асуудал огт яриагүй. Тэр улс, ард түмэнд зовлон тохиолдчихоод байна шүү дээ. Мөнхийн хөршийн хувьд ийм үед нь бид хамт байх үүрэгтэй. Ерөнхийлөгч өөрөө ч хоёр долоо хоног хөл хорионд орлоо шүү дээ. Өмнөд Монголд коронавирусээр нас барсан хүн нэг ч байхгүй юм билээ. Бидний иддэг хоол хүнс, цаг агаартай холбоотой байж магадгүй. Ямартаа ч 30 мянган хонь хандивлаад ирсэн. Түүнийг улсын төсвөөс худалдаж авахаар бодож байсан юм.

Гэтэл ард иргэд, аймгууд зохион байгуулалттайгаар цуглуулаад бараг бүрдчихэж байх шиг байна. хоёр улсын харилцаа үүгээр дуусахгүй, цаашид олон олон жил үргэлжилнэ. Өр төлбөр, зээл хууль зөндөө л бий. Тэр бүрийгээ жич ярина. Энэ нь саяын айлчлалаар огт яригдаагүй. Ярих нь ч зохимжгүй. Янз бүрээр таамаглаж бичээд л байна. Хүмүүс зовж байхад юун мөнгө төгрөг ярих дуртай юм гэж хэлмээр санагдаж байна. Мөнгө ярих үе байна, ярихгүй үе байна. Манайхан жаахан соёлтой баймаар.

-Сонгуулийн санхүүжилт өндөр байгааг шүүмжлэх хүмүүс байна л даа. Нам тус бүр 5.9 тэрбум төгрөг зарцуулж байгаа нь АНУ-ийн сонгуулийн зардлаас ч өндөр байгаа хэлж байна. Үүнд та юу хэлэх вэ?

-Манай сонгуулийн төсөв АНУ-аас их байдаг юм. АНУ-д Өвөрхангай аймгийн 19 сумаар тойроод явах шиг зардал гардаггүй. Нийтийн тээвэр зэрэг нь өндөр хөгжчихсөн, нэг тойрог нь л гэхэд манай Баянзүрх дүүрэг шиг юм. Манайд дэд бүтэц хөгжөөгүйтэй холбоотойгоор их зардал гардаг нь үнэн. Гэхдээ ийм их байж болохгүй. Өндөр зардлаа бууруулах хэрэгтэй. Яахав шинээр нэр дэвшиж байгаа хүмүүст өөрийгөө таниулахад мөнгө хэрэгтэй байгаа байх. Түүнийг хязгаарлаж болохгүй л дээ.

-М.Энхсайханыг барьж хорино, яллана гэж байна. Та үүнд ямар байр суурьтай байгаа юм бэ?

-М.Энхсайхан өөрөө ямар ариун амьтан биш дээ. Гэмт хэрэг хийсэн бол ялаа л авна шүү дээ. Би тэрийг мэдэхгүй.

-Таныг ойрын үед сошиал орчинд элдвээр бичих боллоо. Та юу гэж бодож байх юм?

-Хэнийг ч юу гэж ч магадгүй тийм л нийгэмд амьдарч байна. Гэхдээ хүнийг гүтгэх, харлуулах үйлдэлд хязгаар бий. Бүх зүйл хуулийн хүрээнд байх ёстой. Таван толгойн ордыг ард түмэнд авч үлдсэний минь төлөө 2015 онд намайг харлуулж байсан. Энэ удаа Таван толгойг мөн л ард түмэнд авч үлдэхийн төлөө дахин хууль бус үйлдэлтэй тэмцэж байна. Мөн л намайг гүтгэх, харлуулах ажлууд эхэлчихсэн байна. Бүгдийг нь хуулийн дагуу шийдүүлнэ. Өөр хэлэх зүйл байхгүй.

Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН