Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2020.03.23-27-ны өдрүүдэд нийт 664 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 476-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 10 хүн гэмтсэний 2 хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт 3 хүний амь нас хохирсон бөгөөд 1 хүүхэд байна.
Нийт хүн бэртсэн, амь нас хохирсон ослыг хэлбэрээр нь авч үзвэл
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр -9
- Мөргөлдөх-2
- Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр-1 тус тус бүртгэгдсэн байна.
Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:
2020.03.24-ны өдрийн 11 цаг 00 минутын орчим Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3-р багийн нутаг “Арын нуур” гэх газар шороон замд Toyota Harrier маркийн А жолоочтой автомашины хойд хаалга онгойж зорчигч 2 настай, эмэгтэй Ц-гийн амь насыг хохироосон,
2020.03.25-ны өдрийн 14 цаг 36 минутын орчим Говь-Алтай аймгийн Тонхил сумын 3-р багийн нутаг “Наймаа замын эх” гэх газар шороон замд Mighty маркийн Д жолоочтой автомашин урагш өнхөрч, зорчигч 36 настай, эрэгтэй Т-гийн амь насыг хохироосон,
2020.03.25-ны өдрийн 20 цаг 00 минутын орчим СБД-ийн 18 дугаар хороо Бэлхийн замд Toyota Prius маркийн Д жолоочтой автомашин явган зорчигч 56 настай, эрэгтэй Ө-г мөргөж амь насыг хохироосон,
2020.03.26-ны өдрийн 17 цаг 30 минутын орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9-р багийн нутаг дэвсгэрт асфальтан замд Мустанг-5 маркийн О жолоочтой мотоциклийн зорчигч 46 настай, эрэгтэй Ч мотоциклоос унаж амь нас хохирсон хэргүүдийг тус тус шалгаж байна.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 9 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан 8 зөрчил бүртгэгдсэн.
Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 10,2 хувиар, бүртгэгдсэн зам тээврийн осол 13,6 хувиар, гэмтсэн хүн 33,3 хувиар, зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон осол, хэрэг 50 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.
Нийт замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн зам, орчны нөхцөл байдалд тохируулан хурдаа сонгож хөдөлгөөнд оролцох, эгнээ байраа зөв эзэлж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалж, замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНААС анхааруулж байна.
Иргэдийг гарцтай газраар зам хөндлөн гарах, хурд хэтрүүлэхгүй байхыг анхаарууллаа.