Архангай Жаргалант болон Булган сумын нутагт өчигдөр ойн түймэр гарсан байна. Тодруулбал,
- Жаргалант сумын төвөөс баруун зүгт 50 км-т Асайт багийн “Өвөр чингэстэйн салхи муут” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг тавдугаар сарын 21-ний өдрийн 14:25 цагт онцгой байдлын алба хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн иргэд ойн түймрийг унтраахаар ажиллаж байна.
- Булган сумын төвөөс зүүн зүгт 70 км-т Баянцагаан багийн “Олон нүүр” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг тавдугаар сарын 21-ний өдрийн 15:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн иргэд ойн түймрийг унтраахаар ажиллаж байна.
Он гарснаас хойш тавдугаар сарын 15-ны өдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хот, Архангай, Булган, Завхан, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл, Төв, Ховд, Баянхонгор, Өвөрхангай зэрэг 14 аймгийн 56 суманд нийт 73 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн.
Түймрийн улмаас урьдчилсан байдлаар 4,524 га ой, 95.941 га хээрийн талбай өртөж, 2 гэр, 4 айлын өвөлжөө, 1 автомашин шатаж нийт 1.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад түймрийн тоо 8.5 хувиар өссөн бол учирсан хохирлын хэмжээ 34.8 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Иймд иргэд, малчид, тариаланчид, ой, хээрийн бүсэд зорчин явагсад:
- Автомашин техникийн бүрэн бүтэн байдлыг хангах,
- Цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх,
- Ил задгай гал түлэхгүй байх,
- Асаасан гал, түүдэг, тамхи, шүдэнзний галыг сайтар унтраах,
- Насанд хүрээгүй хүүхдийг түймрийн аюултай үед ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байж, ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.