Ч.Содномцэрэн:​ Хяналтын тооллого хийхэд 71,3 сая төгрөгийн зарлага гарсан
6 сарын 29, 2020

СЕХ-ноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.


СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн:

Сонгуулийн санал хураалтын үр дүнгийн талаар зарим нам эвсэл, нэр дэвшигчдын зүгээс Монгол Улсын ерөнхийлөгчид хүргүүлсэн гомдол шаардлага, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Сонгуулийн ерөнхий хороонд өгсөн үүрэг даалгаврын дагуу гомдолд дурдагдсан хэд хэдэн тойрогт хяналтын тооллого явуулсан. Сонгуулийн ерөнхий хороо энэ сарын 27-ноос 28-ны өдрүүдэд хяналтын тооллого зохион байгууллаа. Гомдол гаргасан нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул, Сүхбаатар дүүргийн зургаан тойрог Өвөрхангай, Өмнөговь, Дорнод, Дархан-Уул аймгийн таван тойрогт, нийтдээ 164 хэсэгт хяналтын тооллого хийлээ. Хяналтын тооллого хийхэд 2447 албан хаагч, нам эвсэл, бие даагчдын 645 ажиглагч оролцож, хяналаа. Нийтдээ 71,3 сая төгрөгийн зарлага гарсан.

Тооллогыг цагдаагийн хамгаалалт, тагнуулын байгууллагын хяналтад хийсэн. Ийнхүү тооллого хийхэд машины дүн саналын хуудсын тэмдэглэгээтэй бүрэн тохирч, ямар нэгэн зөрчил гарсангүй. Хяналтын тооллогод байлцсан нам, эвсэл, бие даагчдын төлөөлөл хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан. Ингээд 164 хэсэгт хяналтын тооллого хийхэд санал тоолох машины дүнтэй зөрсөнгүй гэсэн мэдээ тайлан ирлээ.