УОК-ын даргын шуурхай хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар танилцуулж байна.
ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян: УОК, Засгийн газрын шийдвэрийг хэрхэн биелүүлж байгаа асуудлаар шат шатанд хяналт шалгалт хийж байгаа.
Махны хангамжийг тасралтгүй явуулах, эмзэг бүлгийн иргэдэд хоол хүнсний түгээлт хийх, дотуур байрны оюутнуудын хүнсний хангамж, ариун цэврийн хэрхэн хангаж байгааг шалгаж, хяналт тавьж байна.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 41 байранд 1,911 иргэн тусгаарлагдаж байна. Үүнээс нийслэлд 17 байранд 1,507 иргэн, орон нутагт 7 тусгаарлах байранд 404 иргэнийг тусгаарлан ажиглаж байна.
"Энх саран" сувилал УОК-ын анхаарлын төвд байдаг. Ковид 19 гарч байх үед тусгаарлах байр сонгохдоо нисэх буудлаас ойр, байгалийн таатай орчинд байдаг зэргийг нь харгалзаж тус сувиллыг сонгосон. Гэвч олон санал шүүмжлэл гарсан. Холбогдох газруудаас хяналт хийж байсан. Арваннэгдүгээр сарын 10-нд УОК-оос тус сувиллыг цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй гэдгийг мэдэгдэж байсан.
Өнөөдөр тус сувилалд байсан 81 хүнийг нийслэл рүү зөөвөрлөж байна. Тусгаарлалтад байсан иргэдийг "Кентавр" зочид буудалд, үйлчилгээнд ажилласан хүмүүсийг "Сүнжин гранд" зочид буудалд байрлуулахаар болоод байна. Тэнд байсан хүмүүсийн тусгаарлалтын 21 хоногийн хугацаа арваннэгдүгээр сарын 14-нд дууссан боловч тус сувиллаас халдвар голомтлон тархсан байж болзошгүй учраас үйл ажиллагааг нь бүрэн зогсооно.
Хэнтий аймагт түргэвчилсэн оношлуураар хоёр хүнээс шинжилгээ авахад эерэг гарсан. Шинжилгээний хариуг PCR оношлуураар эцэслэнэ.
Автомашины зөвшөөрлийг хуурамчаар үйлдэж байгаа мэдээлэл ирсэн. Тиймээс зөвшөөрөл олгох ажлыг түр зогсоолоо. Нэн шаардлагатай ажлаар явж байгаа иргэдийг зөвхөн ажлын үнэмлэхээр автозамын хөдөлгөөнд оролцуулна.