Албан байгууллага, аж ахуй нэгжид QR код олгож байна
12 сарын 9, 2020

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, иргэдийн биечилсэн харилцааг багасгах зорилгоор нийслэлийн бүх шатны байгууллагууд хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудтай 100 хувь цахим хэлбэрээр албан бичиг солилцох нөхцөлийг бүрдүүлж, цахим албан бичгийн www.smartoffice.mn системийг хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Энэ талаар Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр “Цар тахлын үед технологийн шийдлийг ашиглан хариу арга хэмжээ авах төлөвлөгөө гарган иргэдийн зорчилт хөдөлгөөнийг хянах QR код системийг нэвтрүүлсэн. 

Нэг жилд нийслэлийн ЗДТГ-ын харьяа байгууллагуудад ирдэг албан бичгийн тоо нь ойролцоогоор 450 мянга орчим байдаг. Эдгээрийг 100 хувь цахим хэлбэрт шилжүүлэх ажил  дуусаж байна. Ингэснээр биечилсэн харилцааг хумьж, цаг хугацаа, эдийн засагт эерэгээр нөлөөлөх юм. Тоон гарын үсэггүй аж ахуйн нэгжийн албан бичгийг 2021 оны хоёрдугаар сарын 1-н хүртэл тоон гарын үсэггүйгээр авахаар Архивын ерөнхий газартай тохирсон. Цаашид аж ахуйн нэгж бүгд тоон гарын үсэгтэй болох шаардлагатай. Дээрх системээр албан бичиг илгээхэд “Албан хэрэг хөтлөлтийн MNS:5140 стандарт”-ыг хангасан байх шаардлагатай.  Хэрэв албан бичиг нь стандартын шаардлага хангаагүй тохиолдолд төрийн байгууллагаас албан бичгийг буцаах эрхтэй юм. Түүнчлэн энэхүү хэрэглээг дадтал иргэдээс албан бичгийг уламжлалт байдлаар бичиг хэргийн ажилтан хүлээн авч байгаа” гэв.

Мөн  Нийслэлийн Мэдээлэл, Технологийн газрын дарга О.Чинзориг “Нийслэлийн хэмжээнд 30 мянган автомашин QR код ашиглаж тээврийн хөдөлгөөнд оролцож байна. Улсын онцгой комисс, нийслэлийн онцгой комиссоос өгсөн үүргийн дагуу Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Эрүүл мэндийн яам, Үндэсний дата төв байгууллагуудтай хамтран үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудыг QR кодтой болгож байна. ААН-үүд www.QR.119.mn цахим хуудсаар нэвтэрч бүртгүүлэх боломжтой. Үйлчлүүлэгчид энэхүү кодыг И-баримт системээр уншуулснаар халдварын хавьтагчдыг илрүүлэх, цааш тарах эрсдэлийг хумих бүрэн боломжтой юм” гэв.