Рио Тинто өнөөдөр/2020.12.16/ дэлхийн хамгийн их зэс, алтны нөөцтэй ордуудын нэг болох Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг баталлаа. Энэ төлөвлөгөө ёсоор бол Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг 2022 оны аравдугаар сард багтаан хийх бөгөөд түүнд зориулж 6.75 тэрбум ам.долларын хөрөнгө баталсан байна.
Улмаар төслийг 2021 онд амжиж эхлүүлэхийн төлөө Рио Тинто болон түүний түншүүд болох Монгол Улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурс компаниуд цаашид нягт хамтран ажиллаж, Засгийн газрын зөвшөөрөл, хөрөнгө оруулалт, эрчим хүч хэмээх гурван чухал асуудлыг шийдвэрлэх шаардлага тулгараад байгаа юм. Хэрвээ дээрх асуудлуудыг даруй шийдвэрлэж, бүтээн байгуулалтыг эхлүүлбэл Оюутолгойн хамгийн үнэ цэнтэй хэсэг нээгдэж, хувьцаа эзэмшигчид төдийгүй Монгол улсын ард иргэдэд маш их ашиг өгөх гэнэ.
Урьдчилсан таамаглалуудаас харахад 2030 он гэхэд Оюутолгой дэлхийн дөрөв дэх хамгийн том зэсийн уурхай болох төлөвтэй байна. Түүнчлэн 2028-2036 онуудад Оюутолгой жилд дунджаар 480 мянган тонн зэсийг ил ба далд уурхайгаас олборлох төлөвлөгөөтэй байгаа аж. Харьцуулж үзвэл, 2019 онд ил уурхай нийт 146300 тонн зэс олборлосон юм. Далд уурхай дахь хүдрийн нөөцийн дунджаар 1.52 хувь нь зэсийн агууламжтай төдийгүй тонн тутамд 0.31 грамм алт агуулагдаж байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл энэ нь ил уурхайн зэсийн нөөцөөс дор хаяж гурав дахин их гэсэн үг.