“Рио Тинто” компани нь одоогоор “Туркойс Хилл Ресурс” компанийн 51 хувийг эзэмшдэг бөгөөд үлдсэн 49 хувийн хувьцааг худалдан авах замаар тус компанийг бүрэн эзэмших санал гаргасан нь тохиролцоонд хүрчээ.
“Рио Тинто” компани эцсийн саналдаа “Туркойс Хилл Ресурс” компанийн нэгж хувьцааг 43 канад.доллароор буюу компанийн 49 хувийг нийт 3.3 тэрбум ам.доллараар үнэлсэн. Энэхүү саналыг “Туркойс Хилл Ресурс” компанийн ТУЗ-өөс байгуулсан хөндлөнгийн Тусгай хороо бүрэн дэмжсэнээр хувьцаа эзэмшигчдийнхээ дунд санал хураалт явуулахаар шийдвэрлэлээ. Уг санал хураалт энэ оны дөрөвдүгээр улиралд зохион байгуулагдах төлөвтэй байна. Саналыг баталгаажуулахад жижиг хувьцаа эзэмшигчдийн олонхын санал шаардлагатай юм.
“Рио Тинто” компани “Туркойс Хилл Ресурс” компанийг худалдаж авах эсэх нь Оюутолгой төслөөс Монгол Улсад ирэх үр өгөөжид нөлөөлөхгүй. Аль ч тохиолдолд компаниуд Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтыг амжилттай хэрэгжүүлж тогтвортой үйлдвэрлэлийг эхлүүлнэ гэж мэдэгдэв.
“Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм “Рио Тинто компани нь Монгол Улсын засгийн газартай шууд хамтран ажиллаж Оюутолгой төслийг урагшлуулахад онцгой ач холбогдол өгч байгаа. Энэ хэлцэл нь гүний уурхайн үйл ажиллагааг эхлүүлээд буй чухал цаг үед компанийн засаглалыг тодорхой болгож цаашид хийгдэх ажлуудыг илүү үр дүнтэй хэрэгжүүлэх, мөн Оюутолгой төслийн санхүүжилт, урт хугацааны амжилтыг бататгахад чухал алхам болж байна” гэв.
“Рио Тинто” компанийн Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Б.Болд “Туркойс Хилл Ресурс” компанийг худалдан авах манай санал хэрэгжвэл төслийн хувь эзэмшлийн бүтэц илүү энгийн болно. Мөн “Рио Тинто” компани хувь эзэмшигчийн хувиар “Эрдэнэс Оюутолгой” компани, Монгол Улсын Засгийн газартай шууд хамтран ажиллаж бүх талуудад урт хугацааны үр өгөөж бий болгох боломж бүрдэнэ.” гэдгийг онцоллоо.
Эх сурвалж: Rio Tinto