“Баян айраг эксплорэйшн” компанийн натрийн цианид ашиглах дүгнэлтийг түдгэлзүүлэх шийдвэр гаргалаа
12 сарын 29, 2020

Химийн хорт болон аюултай бодисын бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөл өнөөдөр цахимаар хуралдлаа. Хурлаар Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт үйл ажиллагаа эрхэлдэг “Баян айраг эксплорэйшн” ХХК-ийн уурхайд натрийн цианид алдсан осол болон түүнд холбогдуулан авах арга хэмжээний талаар хэлэлцлээ. 

Манай улсын уул уурхайн салбарт натрийн цианид ашиглах тусгай зөвшөөрлийн дагуу таван аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагийн нэг нь “Баян айраг эксплорэйшн” ХХК юм. Тус компаний боловсруулах үйлдвэрт 12 сарын 11-ний өдөр натрийн цианидын сулруулсан уусмалыг 813 м.кв талбайд алдсан осол гарсан. 

БОАЖ-ын сайд, ХХБАББЗАЭҮЗ-ийн дарга Д.Сарангэрэл “Баян айраг эксплорэйшн компанийн хувьд маш хариуцлагагүй алдааг олон удаа давтан гаргаж байгаа. Хэдийгээр энэ удаагийн осол нь хүний эрүүл мэнд, амь насыг хохироогоогүй ч  цаашид ийм эрсдэл гарахгүй гэх баталгаа алга. Өмнөх ослуудад нь холбогдох газрууд хамтран ажлын хэсэг байгуулж, алдаа дутагдлуудыг залруулах байдлаар хариуцлага тооцож ирсэн байна.

Миний хувьд энэ удаа натрийн цианид ашиглах дүгнэлтийг цуцлах арга хэмжээ авах саналтай байна. Нэг талаараа 430 гаруй хүний амьжиргаа, ажлын байрны асуудлыг бодолцох хэрэгтэй боловч нөгөө талаараа бүхэл аймаг, сумдаараа хордож эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдлийг мөн зайлшгүй тооцох хэрэгтэй. Тиймээс Монгол Улсад ашиглах хязгаарласан химийн хорт болон авултай бодис болох натрийн цианид ашиглах тухай дүгнэлтийг тодорхойгүй хугацаагаар цуцлаж МХЕГ-аас өгсөн 12 үүрэг,даалгаврыг ягштал биелүүлж, дахин ийм осол гаргахгүй байх нөхцлийг бүрэн дүүрэн хангасан үед натрийн цианид ашиглах дүгнэлтийн асуудлыг дахин хэлэлцэх саналыг гаргаж байна” гэлээ. 

Үндэсний зөвлөлийн гишүүд дээрх саналыг бүрэлдэхүүнээрээ бүрэн дэмжиж Баян айраг Эксплорэйшн ХХК-ийн боловсруулах үйлдвэрт натрийн цианид ашиглах тухай дүгнэлтийг тодорхойгүй хугацаагаар түдгэлзүүлэх шийдвэр гаргалаа.