У.ХҮРЭЛСҮХ: МОНГОЛ, ХЯТАДЫН УЛСТӨРИЙН ҮЛ ОЙЛГОЛЦОЛ ЭНЭ АЙЛЧЛАЛЫН ҮЕЭР ИЛААРШЛАА
4 сарын 15, 2018

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд дагалдан яваа бизнесийн төлөөлөлтэй зангиагүй уулзалтыг өчигдөр орой Бээжин хотноо Монгол Улсын Элчин сайдын яаманд хийлээ.

Энэ удаагийн айлчлалд Монголын 163 компанийн 299 төлөөлөгч оролцож байгаа бөгөөд Хятадын бизнес эрхлэгчидтэй 36 төрлийн хамтран ажиллах гэрээ байгуулаад байгаа билээ.

Өчигдөр болсон хоёр орны хамтарсан Бизнес Форумд нийт 600 орчим төлөөлөгч оролцсон нь өмнө нь болж байсан хамтарсан бизнес форумуудтай харьцуулахад өргөн бүрэлдэхүүнтэй, өндөр үр дүнтэй болсон юм.

 
Гэрэл зургийг mpa.mn Бээжин хотоос
 
Гэрэл зургийг mpa.mn Бээжин хотоос
 
Гэрэл зургийг mpa.mn Бээжин хотоос
 
Гэрэл зургийг mpa.mn Бээжин хотоос

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монголоос төлөөлөн ирсэн бизнес эрхлэгчидтэй хийсэн зангиагүй уулзалтад оролцож үг хэлэхдээ  “Энэ айлчлалын хүрээнд БНХАУ –ын төрийн гурван өндөрлөгтэй гурвуулантай нь уулзлаа. Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпинтэй уулзах үеэр тэрбээр “Монгол Улстай чин сэтгэлээсээ хамтран ажиллахад бэлэн” байна гэсэн юм.

Хоёр орны хувьд 2016 оноос хойш үүссэн улстөрийн үл ойлголцол энэ айлчлалын үеэр илааршлаа. Улстөрийн орчин өөрөө тогтвортой байвал бизнес өсөлттэй байх болно.

Төр засаг та бүхэнд туслалцаа дэмжлэг өгч чаддаггүй юм гэхэд саад бэрхшээл болохгүй байх ёстой. Та бүхний ажил төрөлд саад учруулж байгаа авлига хээл хахууль нэхсэн төрийн албан хаагчдийн талаар баталгаатай нотолгоотой мэдээлэл байвал өгөөрэй.

Гурван тулгуурт бодлогын хүрээнд хүн төвтэй, засаглалын реформ, нийгэм хамгааллын реформыг хийх ёстой. Үүний дээр гадаад харилцаа, бизнес эрхлэлтийг дэмжих ёстой.

 
Гэрэл зургийг mpa.mn Бээжин хотоос

НҮБ-ын судалгаанд Монгол Улсын 2,000 орчим хүн оролцсоны 43 хувь нь сүүлийн нэг сарын дотор хоолгүй хоносон өдөр бий нь тогтоогдсон байна.

Тиймээс энэ засгийн газрын гурван зорилтод нэгдүгээрт, Монгол Улсын иргэдийн хүнсний хангамж. Хоёрдугаарт, улсаа эрчим хүчээр хангах ёстой. Үүний хүрээнд тодорхой төслүүд хийгдэж эхэлж байна.

10 гаруй аймаг гэхэд эрчим хүчний хангалттай нөөц байхгүй учраас аж үйлдвэрлэл эрхлэх боломжгүй.

Гуравдугаарт, бид улсаа шатахуунаар хангах ёстой. Тийм учраас нефтийн үйлдвэр барих ёстой гэдэг бодлогыг Монгол Улсын Засгийн газар барьж байна.

Үүний дээр бизнес эрхлэгчдийгээ дэмжих. Мөн гадаад харилцаа түүний дотор хоёр хөрштэйгээ сайн харилцаатай байх.

Энэ таван асуудлыг шийдэж чадвал улс орон маань улсын дайтай байх болно” гэлээ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар бизнес эрхлэгчдэд өгсөн мэдээллээр “Энэ Засгийн газарт алдах эрх байхгүй. Нөгөө талаар дэлхийн эдийн засагт гарч байгаа таатай цаг үеийг алдах эрх байхгүй. Тиймээс бид Монгол Улсад санхүүгийн эх үүсвэр оруулж ирэх чиглэлээр түлхүү ажиллаж байна.

Эдийн засаг сэргэж эхэлж байгаа. 2018 оны эхний гурван сарын байдлаар төсөв алдагдалгүй байна. Бид маш их хэмжээний өр зээлээ төлж барагдуулж байна. Энэ бол та бүхний төлсөн татвар учраас та бүхэндээ талархал илэрхийлье.