УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар "Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай", “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийн тус тус хэлэлцэн баталлаа.
СЕХ-ноос боловсруулсан тогтоолын төсөлд Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагааг 2021 оны нэгдүгээр сарын 25-наас эхлүүлж, санал авах өдрийг 2021 оны зургаадугаар сарын 9-ний Лхагва гарагт товлох санал тусгасан байна.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх хугацааг дэмжив.
Мөн сонгуулийн техник хэрэгсэлд “New Image Cast” санал тоолох төхөөрөмжийг ашиглахыг гишүүд дэмжив.
Ийнхүү Төрийн байгуулалтын байнгын хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдрийг 2021 оны зургаадугаар сарын 9-нд товлохыг дэмжлээ. Уг тогтоолын төслийн УИХ-ын чуулганаар эцэслэн батлах юм.
Ташрамд дурдахад, УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуулийг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулахаар өмнө нь тогтсон билээ. Өөрөөр хэлбэл, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал авах өдөр Ерөнхийлөгчийн сонгуультай нэг өдөр буюу 2021 оны зургаадугаар сарын 9-нд товлогдов.