“Тэнгэрлэг туульс”-ийг бичсэн сэргэн мандалтын үеийн Италийн аугаа яруу найрагч Данте Алигерид 700 гаруй жилийн өмнө оноож байсан ял шийтгэлийг цуцлуулахаар үр хойч нь шүүхэд ханджээ. Нэрт яруу найрагчийн удмын хүн болох астрофизикч Сперелло Ди Серего Алигери хуулийн ухааны профессор Алессандро Траверситай хамтран 1302 онд оноосон ялд улс төрийн нөлөө орсон эсэхийг шалгуулахаар болсон байна.
14 дүгээр зууны Флоренцийн улс төрчид Хар ба Цагаан хэмээх намуудад хуваагддаг байжээ. 1301 онд Хар намынхан хотын эрх мэдлийг авсны дараа Цагаан намын гишүүн Дантег авлига, хээл хахуулийн хэрэгт буруутгасан байна.
Улмаар Флоренцийн шүүх түүнд 5,000 флорины торгууль, хоёр жилийн цөллөгийн ял оноож, засаг захиргаанд ажиллахыг нь бүрмөсөн хориглож байжээ. Гэвч Данте 1302 онд болсон шүүх хуралд биеэр ирээгүй тул шийтгэлийг нь цаазын ял болгон хүндрүүлсэн байна. “Энэ бол улс төржсөн шүүх хурал байсан. Галилео Галилейг сүүлд цагаатгасан шиг боломж миний өвөг дээдэст олдоогүй юм. Тиймээс би шударга бусаар оноосон ялыг нь цуцлуулахаар шүүхэд хандаж байна” гэж ноён Алигери хэвлэлд ярьжээ.
Италийн “Corriera Della Sera” сонинд мэдээлснээр хэрвээ гэм буруугүйг нь харуулсан шинэ баримт олдвол хэр урт хугацаа өнгөрснөөс нь үл хамааран шүүхийн шийдвэрийг цуцлуулах боломжтой гэнэ. Дантег цагаатгах асуудлаар хурал ирэх тавдугаар сард зохион байгуулагдаж, олон тооны түүхч, хэл судлаач, хуульчид оролцох гэнэ. Тэдний дотор Дантед ял оноож байсан Флоренцийн шүүгчийн үр удам болох Антуан де Габриелли байх ажээ.