Орон нутагт зорчих хүсэлтэй иргэд тухайн орон нутгаасаа зөвшөөрөл авахгүй ирж постод хүндрэл учруулж буй талаар Налайх дүүргийн Онцгой комиссоос мэдээллээ.
Тус дүүргийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Ч.Раднаабазар өчигдөр 5 дугаар хорооны Элстэйд байрлах авто тээврийн шалган нэвтрүүлэх товчооны үйл ажиллагаатай танилцаж, 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа алба хаагчидтайгаа уулзав.
Нийслэлийн хэмжээнд 2021 оны хоёрдугаар сарын 11-ний өдрийн 06:00 цагаас 2021 оны хоёрдугаар 23-ны 06:00 цаг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэх тухай УОК-ын шийдвэр гарсантай холбогдуулан хөдөө, орон нутагт зорчих хүсэлтэй иргэд орон нутгийн зөвшөөрөл аваагүй хэрнээ постод ирж хүндрэл учруулж байгааг албан хаагчид танилцуулж байсан юм.
Тус постод өчигдөр мэргэжлийн байгууллагуудын 7 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй үүрэг гүйцэтгэж зөвшөөрөгдсөн чиглэлийн тээврийн хэрэгслээс бусад тээврийн хэрэгсэл, зорчигчдод хяналт хязгаарлалт хийж үүрэг гүйцэтгэж байна.
Түүнээс гадна, Улаанбаатар хотоос орон нутагт зорчих хүсэлтэй иргэд ПСР шинжилгээний бичигтэй байхаас гадна тухайн орон нутгаасаа заавал зөвшөөрөл авсан байхыг Налайх дүүргийн Онцгой комиссоос анхааруулав.