Улаанбаатар хотыг гамшгийн үеийн улбар шар түвшинд шилжүүллээ. Ингэснээр хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг зогсоож байгаа юм. Харин авто тээврийн товчоодоос гадна байрших Багахангай, Багануур, Налайх дүүрэг болон Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хорооны иргэд иргэний үнэмлэхийн хаягаар, үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан, албан хаагчид ажлын газрын үнэмлэх, байгууллагын гэрчилгээ, нотлох баримтыг үндэслэн асуумжаар нийслэл рүү нэвтрүүлэх Хотын даргын захирамж гарчээ.
Захирамжид халдварын тохиолдол бүртгэгдсэн, халдвар тархах эрсдэлтэй нутаг дэвсгэрт иргэдийн хөдөлгөөн, хуулийн этгээдийн үйл ажиллагааны хүрээ, хязгаарыг тогтоож, шаардлагатай тохиолдолд хорио цээр, хязгаарлалтын дэглэмд шилжүүлэхийг тусгасан байна. Өөрөөр хэлбэл халдвар бүртгэгдсэн байршилд хэсэгчилсэн хөл хорио тогтоох нь.
Мөн Улаанбаатар хот доторх хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 23:00-06:00 цагийн хооронд бүрэн хязгаарлахаар захирамжилжээ.
Дараах үйл ажиллагаанд ашиглах тээврийн хэрэгсэл хязгаарлалтад орохгүй:
- Эмнэлгийн тусламж үйлчилгээ
- Буяны үйлчилгээ
- Шөнийн нислэг
- Инженерийн байгууламж хот нийтийн аж ахуйн ажил, тусгай зориулалтын техник хэрэгсэл.