Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хуралд тус яамны Судалгаа, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Бумдэлгэр оролцож, мэдээлэл өглөө. Тэрээр “Сүүлийн үед мэргэжилтнүүд энэ халдварыг хумьж, шуурхай арга хэмжээ авах тактикаа өөрчилж байгаа. Үүнтэй холбоотойгоор өчигдөр Эрүүл мэндийн сайдын А/203 дугаар тушаал гарсан. Уг тушаалын хүрээнд коронавируст халдварын үед авах хариу арга хэмжээнд томоохон өөрчлөлт орсон.
Өмнө нь ХӨСҮТ коронавируст халдварын хариу арга хэмжээг ерөнхийд нь хянаж, зохицуулж, мэргэжил арга зүйгээр хангадаг бөгөөд шинжилгээний ихэнх ачааллыг дангаараа үүрч, лабораториудын шинжилгээг баталгаажуулах үйл ажиллагааг явуулдаг байсан. Харин сайдын шинэ тушаалаар халдварт өвчинтэй тэмцэх хариу арга хэмжээний багийг дүүрэг бүрд зохион байгуулахаар болж байгаа. Энэ нь нэг газарт ачааллыг төвлөрүүлэхгүй байх ач холбогдолтой.
ХӨСҮТ-өөс өдөрт шинээр илэрч буй 800-900 тохиолдол дээрээ хүрч очиж чадахгүй хүндрэл их гарч байсан юм. Ийнхүү энэ үүргийг нийслэл рүү шилжүүлж дүүрэг бүрт Шуурхай хариу арга хэмжээний баг байгуулснаар яаралтай өвчтөнд хүрэх тусламж үйлчилгээ илүү хурдсах боломж бүрдэж байна.
Өөрөөр хэлбэл, ХӨСҮТ өөрийн тандалтын багийг дүүргүүдэд хуваарилна гэсэн үг. Ингэснээр тандалтын эмч нар дүүрэг бүрт шинжилгээ яаж зохион байгуулах, өвчтөнийг эмнэлэгт авчирч цээжний рентген зураг авч, оношилж эрэмбэлнэ гэсэн үг. Дүрс оношилгоогоор тухайн өвчтөний хөнгөн эсвэл хүнд байгааг ийнхүү дүүргийн эмнэлэгт дээр нь ялгах юм. Мөн дээрх тушаалаар ЭМЯ-ны дэргэдэх хяналт, зохицуулалтын баг байгуулагдаж, шуурхай удирдлага зохоин байгуулалтаар хангахаар болж буй" хэмээн ярив.