Монгол Улс, АНУ хоорондын стратегийн түншлэлийг бэхжүүлэх тухай тогтоолыг АНУ-ын Сенатын танхим дөрөвдүгээр сарын 16-ны өдөр баталсан байна.
Энэ талаар Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаяр "Өнгөрсөн долоо хоногт АНУ-Монгол Улсын хооронд Стратегийн түншлэлийн харилцааг дэмжин сайшаах тухай 36 дугаар тогтоол АНУ-ын Сенатын танхимын хуралдаанаар хоёр гол намын дэмжлэгтэйгээр, санал нэгтэй батлагдан гарлаа. Ингэснээр АНУ-ын Конгресс бүхэлдээ хоёр орны стратегийн түншлэлийг дэмжиж, цаашид бэхжүүлэн хөгжүүлэх чиглэлийг гүйцэтгэх засаглалдаа өгч байгаа хэрэг" хэмээн "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагадаа тодотгосон байна. Сенатын танхимын баталсан уг тогтоолд Олон улсын хөгжлийг санхүүжүүлэх АНУ-ын корпорацыг Монгол Улсын эдийн засгийн хөгжил, эмэгтэй удирдлагатай жижиг, дунд бизнесүүдийг дэмжих чиглэлд үйл ажиллагаагаа тэлэхэд уриалах заалтыг тусгажээ. Мөн АНУ-ын хоорондох худалдааг нэмэгдүүлэх зорилгоор давуу эрхийн тогтолцоо, холбогдох хөтөлбөрүүдийг ашиглахад Монгол Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлэх, дэд бүтцийн болон бусад чухал төслүүдийг санхүүжүүлэхэд уриалснаас гадна эдийн засгийн хөгжил, авлигын эсрэг хүчин чармайлт гаргах замаар ардчиллыг дэмжих зэрэг заалтуудыг тусгаж өгсөн байна.