Нүүрсний экспорт болон гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр, өнгөрсөн онд Монгол Улсын эдийн засаг 5.1 хувиар өссөн. Төсвийн алдагдал 2016 онд ДНБ-ий 17 хувьд хүрч байсан бол 2017 оны сүүлээр 1.9 хувь болж буураад байгаа. Дээрээс нь Монголбанк инфляцыг 2020 оныг дуустал найман хувьд хадгалж, валютын ханшийг тогтвортой байна гэж тооцсон.
Гэвч энэ өсөлтөө хэвээр нь байлгаж, уул уурхайн түүхий эдээс хамаарах хамаарлыг бууруулахын тулд хөгжлийн урт хугацааны нөөц бололцоог нэмэгдүүлэх шаардлагатай гэдгийг олон улсын судалгааны байгууллагууд зөвлөж байна. Мөн уул уурхайн салбарын томоохон төслүүд удаашрах, Хятадын хил дээр үүсээд байгаа асуудлууд үргэлжлэх, мөнгө угаахтай холбоотой асуудлыг хугацаа алдан шийдэх зэрэг гадаад, дотоод эрсдэл учирч болзошгүйг онцгойлон анхааруулж буй. Олон улсын томоохон санхүүгийн байгууллага болох Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк болон Монголбанкны эдийн засгийг хөтлөх төсөөлөл, зөвлөмжийг хүргэе.