Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас сүүлийн 3 жилд хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нягтралыг сайжруулах зорилгоор 4000 гаруй том оврын шилмүүст моддыг шилжүүлэн тарьж агротехнологийн дагуу арчилгаа усалгааг тогтмол хийж байна.
Моддын хувьд өвлийн улиралд утаа тортог, хаврын улиралд тоос тоосонцорт дарагдаж бөглөрсөн байдаг тул +10 градусын усаар жил бүрийн 5 дугаар сард угааж, цэвэрлэдэг уламжлалтай. Учир нь хүйтэн усаар угаалт хийх нь цочрол өгч модны хатгаа авах эрсдэлтэй тул усыг 1 өдөр хонуулан бүлээсгэж орчны температуртай ижил болгож бэлтгэдэг. Энэ нь шилмүүст модны амсрын эрхтэнг цэвэрлэх, мөчир салаанд чийг өгөх, ургалтыг дэмжих олон талын ач холбогдолтой бөгөөд титэм угаах ажил нь 7 хоногийн хугацаатай үргэлжлэх юм. Мөн энэ жил гоёлын олон төрлийн моддоор 12 байршилд төгөл байгуулаад байна гэж Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.