Коронавирусийн халдвартай иргэдийн тоо нэмэгдсээр байгаа тул нэмэлтээр ор дэлгэж, өвчтөнүүдийг авахаар төлөвлөсөн талаар НОК мэдээлж байсан. Тэгвэл "Оюутны өргөө" дотуур байранд нэмэлтээр 240 ор дэлгэжээ. Тус дотуур байранд өнөөдрөөс эхлэн онош батлагдсан хөнгөн өвчтөнүүдийг хүлээн авч эхэлж байна.
Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн гурван их эмч, гурван резидент эмч, таван сувилагч, таван үйлчлэгч, нэг ерөнхий зохицуулагч энд ажиллаж, хөнгөн өвчтөнүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх бөгөөд 4-10 давхар хүртэл тусгай өрөөнүүдийг бэлджээ.
Ингэхдээ халдвар авсан жирэмсэн эмэгтэйчүүдийг гуравдугаар давхарт, ахмад настнуудыг дөрөвдүгээр давхарт тусгаарлах юм. Мөн зургадугаар давхарт яаралтай тусламжийн тасгийг байгуулжээ. Хамгаалалтын хувцас, шаардлагатай эм тариа зэргийг бэлдсэн байна. Хүсэлт өгсөн болон гэртээ тусгаарлагдах боломжгүй хөнгөн хэлбэрээр өвчилсөн өвчтөнүүдийг тусгаарлаж, эмнэлгийн тусламж үзүүлнэ гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.