ХЗБХ: Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл анхны хэлэлцүүлгийг хийлээ
6 сарын 29, 2021

Монгол Улсын шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

    Засгийн газраас 2021 оны зургадугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хуралдааны эхэнд шийдвэрлэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулсан.

    Улсын Их Хурал 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр шүүх эрх мэдлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгосон Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, хуулийг 2021 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа. Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2021 оны “Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн хэрэгжилтийг хангах тухай” 13 дугаар тогтоолоор Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах арга хэмжээг авахыг Засгийн газарт даалгасан бөгөөд хуулийг хэрэгжүүлэхэд учирч буй дараах хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх үүднээс Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Төсөлд, коронавируст цар тахал, түүнчлэн Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг 2021 оны зургадугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгасантай холбогдуулан Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан Нийт шүүгчийн чуулганыг зохион байгуулах хугацааг өөрчлөх, холбогдон гарах зардлыг хариуцах субьектийг тодорхой болгох өөрчлөлтийг тусгажээ. Мөн хуулийн 8 дугаар зүйлд заасан Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах зохицуулалт нь Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 3 дугаар дүгнэлтээр Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн тул Үндсэн хуулийн цэцийн эцсийн шийдвэр гарах хүртэл сонгон шалгаруулалтыг зохион байгуулах боломжгүй нөхцөл байдал үүсээд байгаатай холбогдуулан зохих өөрчлөлтийг тусгасан байна.


    Хуулийн төсөл батлагдсанаар шүүх эрх мэдлийн шинэтгэлийг гүнзгийрүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд учирч байгаа хүндрэл бэрхшээл арилж, хуулийг нэг мөр хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ хэмээн төсөл санаачлагчид үзжээ.

    Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр Нийт шүүгчийн чуулганыг хэзээ зохион байгуулах талаар тодруулав. Төсөлд Нийт шүүгчийн чуулганыг 2021 оны аравдугаар сарын 15-ны дотор зохион байгуулж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг 2021 оны аравдугаар сарын 15-ны дотор сонгон шалгаруулж, томилохоор тусгасан байна. Энэхүү чуулганыг Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл хамтран зохион байгуулах ч 2021 оны улсын төсөвт холбогдох зардлыг тусгаагүй талаар Х.Нямбаатар сайд хэллээ. Иймд Засгийн газрын нөөц сангаас санхүүжилтийг шийдвэрлэх саналыг Засгийн газрын хуралдаанд гаргасан байна. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хороо байгуулагдвал тодорхой хугацаанд тэдгээрийн төсөв, үйл ажиллагааны зардлын асуудлыг шийдвэрлэх шаардлага үүснэ, уг асуудлаар Сангийн яамтай зөвлөлдөж байгаа гэв

    Ийнхүү гишүүд төсөлтэй холбоотой асуулт асууж, санал хэлсний дараа төслийг хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон 15 гишүүний 13 нь Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

    Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Сүхбаатар танилцуулав.

    Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 2 дугаар тогтоолоор Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, ажлын хэсгийн гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар, Ц.Мөнх-Оргил, Б.Пүрэвдорж, Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан нар болон ажлын дэд хэсгийн бүрэлдэхүүнд холбогдох байгууллагын албан тушаалтнууд ажиллажээ. Ажлын хэсэг хоёр удаа хуралдаж, хуулийн төсөлтэй холбогдуулан гарсан саналуудыг нэг бүрчлэн хэлэлцэж, хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн талаар хэлэлцсэн байна. Ингээд өргөдөл нь гомдлоос бусад захиргааны байгууллагын зохион байгуулалт, үйл ажиллагааны талаар гаргасан саналын шинжтэй, эсхүл хуульд заасан өөрийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх талаар гаргасан хүсэлтийн шинжтэй байх; гомдол болон өргөдлийг хүлээн авах, бүртгэх, шийдвэрлэлтэд хяналт тавих, шийдвэрлэлтийн талаарх тайлан, мэдээ гаргах, холбогдох байгууллагад хүргүүлэх, нийтэд тайлагнах журмыг Засгийн газар батлах нь зүйтэй хэмээн шийдвэрлэсэн байна.


    Шууд шийдвэрлэх боломжгүй бөгөөд удаан хугацаанд шийдвэрлэгдэх асуудлаар гаргасан хүсэлтийн шинжтэй өргөдлийг тусгай бүртгэлд бүртгэж, шийдвэрлэлтэд хяналт тавих зохицуулалт нь иргэн, хуулийн этгээдийн захиргааны байгууллагад өргөдөл гаргаж хариуг авах, шийдвэрлүүлэх эрхтэй зөрчилдөж байх тул төслөөс хасах нь зүйтэй хэмээн холбогдох зохицуулалтыг боловсруулсан гэв. Мөн төслийн нэр томьёог төслийн зүйл, хэсэг, заалт хооронд болон холбогдох бусад хуулийн нэр томьёотой нийцүүлжээ. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл нь Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгтэй зөрчилдөж байх тул хууль санаачилагчид нь буцаах  зэрэг асуудлыг тусгасан болно. Тодруулбал, ажлын хэсэг хуулийн төсөлд зарчмын зөрүүтэй 8 санал, найруулгын 4 санал, хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд 1 саналыг тус тус бэлтгэн томьёолжээ.

    Ажлын хэсгийн санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль энэхүү нэмэлт, өөрчлөлтийн төслийн хүрээнд хүчингүй болж байгаа, иймд дээрх хуулийн зохицуулж байсан асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар асуулт асууж, хариулт авав. Төрийн байгууллага, албан тушаалтанд иргэн өргөдөл, гомдол гаргана гэдэг нь захиргаанд хандаж байгаа үйл ажиллагаа, Захиргааны ерөнхий хууль хэрэгжээд багагүй хугацаа өнгөрсөн бөгөөд захиргааны акттай холбоотой иргэдийн санал, гомдлыг төслийн хүрээнд шийдвэрлэснээрээ манай улсын захиргааны үйл ажиллагаа нэг хуулиар зохицуулах бололцоо бүрдэж байгаа гэдгийг тайлбарлав. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль хүчингүй болох ч бүхий л зохицуулалтууд нь бүрэн агуулгаараа Захиргааны ерөнхий хуульд тусах болно гэлээ. Үүний дээр хуулийн этгээдийн өргөдөл, гомдол гаргах асуудлыг тусгаж, зохицуулах юм байна. Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд иргэдийн өргөдөл, гомдол гаргах эрхийг баталгаажуулахын дээр нэмээд өргөжүүлж байгаа талаарх тодруулга, тайлбарыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Сүхбаатар гишүүн хийлээ.


    Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэдэг байсан зохицуулалтыг хуульд өөрөөр заагаагүй бол 21 хоногийн дотор хянан шийдвэрлэж хариу өгөх, саналын шинжтэй өргөдлийн хариуг 90 хоногт багтаан өгдөг байсныг 60 хоног болгох зохицуулалтыг тусгасан болохыг онцолж байв. Мөн цахим болон бусад хэлбэрээр өргөдөл, гомдол гаргах боломжийг нэмэгдүүлснээрээ одоо хэрэгжиж буй хуулийн нөхцөлийг сайжруулсан гэв.

    Ийнхүү ажлын хэсгээс бэлтгэн томьёолсон зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

“Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв

    “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгээр Байнгын хорооны хуралдаан үргэлжиллээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-т “Улсын Их Хурал шийдвэр гаргахаар хууль тогтоомжид заасан болон хууль хэрэгжүүлэхтэй холбогдсон аливаа зохион байгуулалтын шинжтэй асуудлын талаар хариуцсан байгууллага, эрх бүхий албан тушаалтан саналаа ирүүлсэн бол холбогдох Байнгын хороо хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлтээ шийдвэрийн төслийн хамт нэгдсэн хуралдаанд оруулна” гэж, 114 дүгээр зүйлийн 114.5-д “Нэгдсэн хуралдаанаар Байнгын хорооны санал, дүгнэлт, тогтоолын төслийг хэлэлцэн тогтоол батална” гэж заасны дагуу “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ.


    Байнгын хорооны даргын төслийн талаарх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авав. Ж.Сүхбаатар гишүүн, иргэд эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах эрхээ хангуулах шаардлагыг Засгийн газарт тавьж буйг сануулаад, төсөлд энэ талаарх тодорхой зохицуулалтыг тусгах санал гаргав. Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, дээрх тогтоолын төсөлд хүний эрхийн зөрчлийн талаар, эрүүл мэндийн салбарын талаар, үнийн өсөлтийн талаар болон иргэний амьд явах эрхийг хангахтай холбоотой асуудлуудыг товч, тодорхой тусгах санал хэллээ. Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, коронавирусийн халдвар авсан иргэдийг ялгаварлан гадуурхах, тэр тусмаа орон нутгийн удирдлага, төрийн байгууллагын зүгээс ялгаварлан гадуурхаж байгаа үйлдлийг хориглох, ийм үйлдэл гаргасан төрийн албан хаагчид авах арга хэмжээний талаар тодорхой зохицуулалтыг төсөлд тусгах санал хэлсэн. Мөн эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг хоёр дахин нэмэгдүүлэх, хүүхэд хамгааллын асуудлыг эрчимжүүлэх чиглэлээр тодорхой зохицуулалтыг төсөлд тусгах санал гаргасан. Тогтоолын төслийг зарчмын хувьд дэмжиж байгаагаа Б.Энхбаяр гишүүн илэрхийллээ. Үүний зэрэгцээ Улсын онцгой комисс хүний үндсэн эрх, эрх чөлөөг хязгаарлахад чиглэсэн шийдвэр гаргах үйл ажиллагаандаа ХЭҮК-ын төлөөллийг заавал оролцуулдаг байх, тус Комиссын саналыг нь хүлээн авахыг үүрэгжүүлсэн заалтыг төсөлд тусгах санал хэлсэн. Мөн баривчлах, саатуулах байранд саатуулагдаж байгаа иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрхийг нь хангахыг үүрэг болгосон тодорхой заалт тусгах санал гаргав. Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд заасан хүний баталгаатай эдлэх ёстой үндсэн 18 эрх, эрх чөлөөг хангахад бүх түвшинд онцгой анхаарч ажиллах ёстой гэдэг байр суурийг илэрхийлээд, гишүүдийн гаргасан саналуудыг тогтоолын төсөлд тусгах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлсэн.


    Ингээд хэлэлцүүлгийн үеэр тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүдийн гаргасан саналуудыг төсөлд тусган, Улсын Их Хуралд танилцуулж, батлуулахыг дэмжих томьёоллоор санал хураалт явуулав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 76.5 хувь нь дэмжснээр “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв.

Байнгын хорооны тогтоолыг баталлаа

    Хуралдааны төгсгөлд “Томилгооны сонсголын даргалагч, ажиглагчийн тоо тогтоох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн батлав. Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт “Авлигатай тэмцэх газар дэд даргатай байна. Дэд даргыг Авлигатай тэмцэх газрын даргын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно.” гэж заасан. Авлигатай тэмцэх газраас тус газрын дэд даргын албан тушаалд Гаваасүрэнгийн Азжаргалыг томилуулах саналыг Улсын Их Хуралд ирүүлсэн бөгөөд нэр дэвшигчийн томилгооны сонсголыг зохион байгуулах хүрээнд дээрх төслийг боловсруулжээ. Төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул санал хураалт явууллаа. Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд оролцсон гишүүдийн 82.4 хувь нь дэмжснээр “Томилгооны сонсголын даргалагч, ажиглагчийн тоо тогтоох тухай” Байнгын хорооны тогтоол батлагдав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.