Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Цагаан-Эрэг гэдэг газар таван хүн зугаалж явснаас нэг нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дэлгэрмөрөн голын усанд сэлэхээр ороод осолдсон харамсалтай явдал өчигдөр гарчээ.
Энэ тухай дуудлагыг өчигдөр буюу долдугаар сарын 7-ны 16:00 цагт онцгой байдлын алба хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 7 км замыг туулан 16:14 цагт очиж, иргэн Б-ын цогцсыг тухайн өдрийн 16:46 цагт осолдсон газраас 2 км-ын зайд “Дэлгэрмөрөн” голын усны мандлаас олж, аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид хүлээлгэн өгчээ.
Иргэд та бүхэн гол мөрний ойролцоо амарч зугаалахдаа анхаарал болгоомжтой байж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ус руу орохгүй байх, бага насны хүүхдэдээ тавих анхаарлаа дээшлүүлэхийг мэргэжлийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.