Сургууль, цэцэрлэгийн танхимын хичээлийн журам
8 сарын 20, 2021

Эрүүл мэндийн яамнаас сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэхтэй холбоотой мөрдөх журмын талаар мэдээлэв.

 "ЕБС-ийн сургуулийг 5/9-ийн зарчмаар хичээллүүлэхээр болсон нь халдварын нууц үеийг тооцоолсонтой холбоотой. Өөрөөр хэлбэл, халдвар авсан хүүхэд цахимаар хичээллэх ес хоногт халдвар тараах, нууц үедээ байх эсвэл эмчлэгдэх хугацаа нь өнгөрөх юм.

ЯМАР ҮЕД ЗАЙН СУРГАЛТАД ШИЛЖИХ ВЭ?

Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хувьд, 

  • Нэг ангиас нэг хүүхэд өвчилбөл долоо хоногийн хугацаанд зайн сургалтаар хичээллэнэ. Ингэхдээ зургаа дахь хоног дээр ангийн хүүхдүүдээс PCR шинжилгээ хийж эрүүл гарсан хүүхдүүд хичээлдээ явах нөхцөлийг бүрдүүлнэ.
  • Өвчлөл ангийн байрлалаас хамаарч хэсэгчлэн /корпус, давхар/ зайн сургалтад шилжүүлнэ.
  • Өөр хоорондоо хамааралгүй гурав болон түүнээс дээш бүлгийн дотор халдвар бүртгэгдвэл цэцэрлэгийг бүхлээр нь зайн сургалтад шилжүүлнэ.

Мөн сургалт танхимаар ороход өдөр бүр ирцийн тандалт болон шинж тэмдгийн тандалтыг хийх бөгөөд шинж тэмдэг илэрсэн бол гэрт нь буцаах эсвэл харьяа ЭМБ-д шилжүүлэх арга хэмжээг авна.

Ерөнхий боловсролын сургуулийн хувьд,

  • Коронавируст халдварын вакцинд хамрагдаагүй буюу 12-оос доош насны хүүхэдтэй ангид нэг хүүхэд халдвар авсан тохиолдолд долоо хоногийн хугацаанд зайн сургалтад шилжүүлнэ. Ингэхдээ цэцэрлэгтэй адилаар зургаа дахь хоногт хүүхдүүдээс PCR шинжилгээ авч, сөрөг гарсан нь танхимын сургалтдаа сууна.
  • Харин вакцинд хамрагдсан 12-оос дээш насны хүүхэдтэй ангид гурван хүүхэд өвчилбөл долоо хоногийн хугацаанд зайн сургалтаар хичээллүүлнэ.
  • Өөр хоорондоо хамааралтай гурав болон түүнээс дээш бүлгийн дотор халдвар бүртгэгдвэл сургуулийг бүхлээр нь долоо хоногийн хугацаанд зайн сургалтад шилжүүлнэ.

Түүнээс гадна, сургууль цэцэрлэгийн бүх хаалгыг бүрэн ашиглана. Учир нь хүүхдүүдийг давхар хооронд, анги хооронд уулзуулж бөөгнөрөл үүсгэхгүй байх үүднээс бүх хаалгыг ашиглах шаардлагатай.

ЗААВАЛ МӨРДӨХ БУСАД НИЙТЛЭГ ШААРДЛАГА
  • Сургууль бүрд тандалт судалгаа хийх, хавьтал тодорхойлох баг ажиллана
  • Хувцас солих өрөөнд эцэг эх, асран хамгаалагчдыг олноор нь бөөгнөрүүлэхгүй байхаар зохицуулна
  • Угааж цэвэрлэхэд хялбар цөөн тооны тоглоом хэрэглэх
  • Хүүхдийн тоглоом хичээлийн хэрэгслийг оройд угааж цэвэрлэх
  • Хүүхдүүдэд коронавирусийн халдвараас сэргийлэх мэдээлэл, сурталчилгааг сайн хийх
  • Эцэг эх, багш, сурагчдыг хамруулсан олон нийтийн үйл ажиллагааг зохион байгуулахгүй бөгөөд эцэг эхийн хурлыг зөвхөн цахимаар хийнэ.
  • Үйл ажиллагаа эхлэх болон тарах цагийг 10-15 минутын зөрүүтэйгээр зохион байгуулах
  • Цэцэрлэгийн хүүхдийг унтуулахдаа "хөл- толгой" зарчим баримтална.
  • Сурагчдын шинээ хоорондын зай 1-1.5 метр байхаар зохицуулна.
  • Хамтдаа хэрэглэдэг хичээлийн хэрэгслийг заавал орой угааж, цэвэрлүүлэх
  • Сурагчдаар ангийн цэвэрлэгээг хийлгэхгүй байх бөгөөд сургууль дээр байх цагийн аль болох бага түвшинд байлгана.
  • Ариун цэврийн өрөөг ашиглах хуваарь гаргах
  • Дулааны улиралд цонх, салхивчийг байнга онгорхой байлгах бөгөөд хичээл эхлэхээс өмнө бүх сургууль, цэцэрлэгт өвөл ажиллуулах механик системийг нь шалгаж тохируулна
  • Хүүхдийг гэр сургууль гэсэн маршрутаас өөр газраар дагуулж явахгүй байх
  • Цэцэрлэг дээр тусгай дугаарын утас ажиллуулах
  • ЕБС-ийн сурагчид болон цэцэрлэг, сургуулийн багш, ажилчид масктай байх бол цэцэрлэгийн хүүхэд маскгүй байна. Гэхдээ энэ асуудлыг халдварын тархалтын нөхцөл байдалтай уялдуулж өөрчилж болно.
  • СӨБ болон сургуулийн дотуур байруудад өглөө бүр хүүхдүүдийн амыг сод, давс, нимбэгийн уусмалаар зайлуулах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

Халдвар голомтолж эсвэл хүн амын дунд тархсан хэвээр байвал танхим болон зайн сургалтаар хичээллэсээр л байна. Харин халдварын буурч, шар болон ногоон түвшинд очвол халдвараас сэргийлэх дэглэмээ баримтлаад танхимаар хичээллэх аж.