“Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааны мэдээллийн төв нээгдлээ
5 сарын 21, 2018

Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцааны мэдээллийн төв нээгдлээ. Тус мэдээллийн төв нь 1072 ширхэг хувьцааны талаарх бүх мэдээллийг иргэдэд өгөх зорилготой юм байна. Иргэд дээрх хувьцаагаа хэрхэн арилжих, ямар үнэтэй байх, өвлүүлж болох эсэх, хэдэн ширхэг хувьцаа байгаа зэрэг хувьцааны талаар бүх мэдээллийг энэ төвөөс авах боломжтой.

Мөн энэ төвд хувьцааны талаарх бүх төрлийн сургалтууд зохион байгуулагдах ажээ. Сүхбаатарын талбайн баруун талд байрлах тус төвд иргэд өөрийн биеэр очиж мэдээлэл авахаас гадна 1800-1072 утсаар холбогдож болох юм.

Нээлтийн ажиллагааны үеэр “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг хэлэхдээ “Компанийн нийт хувьцааны 14.5 хувийг 2.5 сая иргэн эзэмшдэг. Тэтгэврийн насныхан, оюутнууд сургалтын төлбөр хэлбэрээр, иргэд 300 төгрөгийг хэсэгчлэн авсан байгаа. Бид нэг иргэнд хэдэн төгрөгийн ногдол ашиг тараах талаар нарийвчилсан тооцоо хийж байна. Ирэх есдүгээр сард холбогдох газруудад хүлээлгэж өгнө.

“Эрдэнэс Тавантолгой” бол хаалттай компани. Хувьцаагаа шууд хөрөнгийн биржид гаргаад арилждаггүй. Засгийн газрын тогтоолоор ч юм уу, хувьцаагаа шууд нээлттэй арилжихаар иргэдийн хувьцаа эрсдэлд орно. Иргэд шууд зарахаар хувьцааны үнэ 933 төгрөг бус, түүнээс доош үнэлгээтэй болох магадлалтай. Иргэдийн хувьцаа эзэмших эрхийг хамгаалж, хаалттай байгаа юм. Түүнээс “Эрдэнэс Тавантолгой” санхүү, үйл ажиллагааны хувьд хаалттай биш гэдгийг компанийн зүгээс албан ёсоор мэдэгдэж байна” гэв.