Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын “Алтан гурвалжин-Хөгжлийн бүс” зөвлөлдөх уулзалтын үеэр тавьсан илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Монгол Улс дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагыг даган 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалаа 2015 онд батлан хэрэгжүүлж байна. Уг үзэл баримтлалд хүн амын нутагшилт, суурьшлын зохистой тогтолцоонд тулгуурлан хот байгуулах, бүсчлэн хөгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангах замаар дэд бүтцийг хөгжүүлэх зэрэг асуудлуудыг тодорхой үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тусгасан байдаг.
Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулинд Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг түргэтгэхэд чиглэсэн бүсчилсэн хөгжлийн бодлогыг авч хэрэгжүүлнэ гэж заасан бөгөөд үүнд байгалийн баялаг, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн нөөцийг оновчтой ашиглах үндсэн дээр хүн амын шилжих хөдөлгөөнийг зохицуулах, төвлөрлийг сааруулах, аймаг, бүс нутаг хоорондын хөгжлийн түвшинг ойртуулах зарчмыг тодорхой тусгаж өгсөн.
Монгол Улсын эдийн засгийн хөгжил ерөнхийдөө Төвийн бүс, Өмнийн говийн бүсэд чиглэгдсэн байгаа нь эргээд тухайн бүс нутгийн байгаль, хүрээлэн буй орчин, хойшид тогтвортой хөгжих нөөц, боломжоо хадгалж хамгаалах бодлого хэрэгтэйг бидэнд анхааруулж байна.
Хөгжлийн бодлогын шинэ хууль, урт хугацааны үзэл баримтлал хэрэгжиж эхэлсэн энэхүү онцлог үе, мөн 2015 онд хэрэгжиж дууссан бүсчилсэн хөгжлийн бодлогыг Засгийн газраас шинээр боловсруулж буйтай зэрэгцэн нийслэл Улаанбаатар хотын зүгээс санаачлан Төвийн бүсийн таван аймагтай хамтран ажиллаж, эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах бодлого, санал боловсруулахаар бүтэц бий болгон ажиллаж эхэлж байна.
Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд “Бүсчлэлээр дамжуулан нутаг дэвсгэрийн хөгжлийн тэнцвэрийг хангах, эдийн засгийн бүсүүдийн хүрээнд бүс нутаг-хот байгуулалтын уялдааг хангах замаар аймаг, орон нутгийн хөгжлийг дэмжих тогтолцоог бий болгох” асуудлыг тодорхойлсон бөгөөд үүнийг өнөөгийн улс орны эдийн засаг, нийгэм, байгаль орчны төлөв байдалтай уялдуулж, хөгжлийн шинэ үзэл баримтлалд нийцүүлэн “Эдийн засгийн хөгжлийн өсөлтийн төвүүдийг бий болгох” зарчмаар өөрчлөн шинэчлэх шаардлага бий болсон.
21 дүгээр зууны хотын хөгжлийн онолд хотын газар нутгийг 3 хэсэгт хуваадаг бол Улаанбаатар хотыг үндсэн 4 бүсэд хувааж болох юм
Дэлхийн ихэнх улс орнуудад хотжилт эрчимтэй явагдаж байгаа нь улс орнуудын аж үйлдвэрийн болон аж үйлдвэрийн дараах үеийн эдийн засгийн хөгжлийн гарааны үндэс, эхлэлийн цэг болж байгаа юм.
21 дүгээр зууны хотын хөгжлийн онолд хотын газар нутгийг “хотын үндсэн нутаг дэвсгэр”, “хотын агломераци буюу төвлөрлийн орон зай”, “хотын мегаполис” гэсэн гурван хэсэгт хуваан авч үздэг болсон. Дэлхийн улс орнуудын хотжилтын хөгжлийн хандлагаас авч үзэхэд хотын нутаг дэвсгэрт нийт хүн амын 35 хувь нь, хотын агломерацийн орон зайд 55 хувь нь, мегаполист 10 хувь нь тус тус оршин сууж байна.
Манай Улаанбаатар хотыг үндсэн 4 бүсэд хуваан авч үзэж болох юм. Улаанбаатар хотын хойд хэсгээр эрчимжсэн мал аж ахуй, сүүний чиглэлээр, баруун хэсгийг хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр, зүүн хэсгийг хүнс, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл, аялал жуулчлалын чиглэлээр, урд хэсгийг инноваци, өндөр технологи, аялал жуулчлал, санхүү, бизнесийн үйлчилгээний чиглэлээр хөгжүүлэх боломж байна. Түүнчлэн төвийн бус нутагт төвлөрч буй хүн амын суурьшлын зохистой тогтолцоог бий болгоход аймаг, орон нутгийг эдийн засгийн хувьд төрөлжүүлэн хөгжүүлэх, нийслэлийн таталцал, нөлөөллийн бүсийг шинээр тодорхойлж, Улаанбаатар хотын төвлөрлийг задлах, дагуул хот, бусад хот, суурин газрууд руу түлхэх хүчийг үүсгэх зэрэг бодлогыг авч хэрэгжүүлэх зайлшгүй нөхцөл бүрдээд байна. Ажлын хэсгийн уулзалтын хүрээнд дээрх асуудлуудыг бүрэн шийдвэрлэж, хэрэгжүүлэх эрх зүйн болон цаг хугацааны боломж бага хэдий ч зөвлөлдөн хэлэлцсэнээр тодорхой тоймтой алхамуудыг хамтран хэрэгжүүлж улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах бололцоо байна.
Хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн үргэлжилсээр байх хандлагатай байна
Хүн ам төвлөрөн амьдарч байгаа газарт тэдний хэрэгцээг хангахад чиглэсэн худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл бий болж эдийн засгийн таатай нөхцөл хангагдаж ашиг орлого олох хамгийн их боломж байна гэж хүмүүс үздэгээс хөдөөгөөс хот руу чиглэсэн нүүдэл нэмэгддэг. Энэ чиг хандлагаар дэлхийн хүн амын хотын газар нутагт амьдарч байгаа хувь хэмжээ нь өссөөр байна.
Монгол Улсын хувьд ч мөн адил том хотын онолын дагуу хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн үргэлжилсээр байх хандлагатай бөгөөд нийслэлийн хүн ам одоогийн хурдаар өсвөл арваад жилийн дараа 2030 онд 2 сая, 2040 онд 3 саяд хүрэх төлөвтэй байна.
Улаанбаатар хотыг хөгжүүлэх урт хугацааны төлөвлөгөө маань зөвхөн Ерөнхий төлөвлөгөөгөөр хязгаарлагдаж, хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөө хэрэгжиж дуусах хугацаа дөхсөн ч хэрэгжилтийн явц хангалтгүй бодит асуудал тулгарч байна. 10 жилийн өмнө хотын өмнө тулгамдаж байсан асуудлууд одоо ч байсаар байна. Ялангуяа хотын хүрээлэн буй орчин, оршин суугчдын амьдрах нөхцөл сайжраагүй нь хүн амын төвлөрөл саарахгүй, механик өсөлтийг хотын дагуул хотууд руу чиглүүлэх бодлого хэрэгжихгүй байгаагаас үүдэлтэй.
Улаанбаатар хотод оршин суугчдын 3 хүн тутмын нэг нь 1990-2015 оны хооронд шилжиж ирсэн дүр зураг гарч, хүн ам жилд дунджаар 6 хувиар өссөн нь улсын дундаж өсөлт болох 1.83 хувиас өндөр байна.
Улаанбаатар хотын хүн амын улсын дүнд эзлэх хувь 1990 онд 26 хувь байсан бол 2017 онд 47 хувь болж өссөн. Нийслэлийн Засаг даргын захирамжаар хүн амын шилжилт хөдөлгөөнийг 2017 оноос хязгаарлаж эхэлсэн нь үр дүнгээ өгч, жилд дунджаар 30 мянган хүн шилжиж ирдэг байсан бол 20 мянгаар буураад байна.
Гэсэн хэдий ч нийслэлийн хүн амын өсөлтийн 56 хувийг хүн амын шилжилт хөдөлгөөн эзэлж, хүн амын нягтрал 286 байгаа нь улсын дунджаас 150 дахин өндөр үзүүлэлт бөгөөд энэхүү төвлөрлөөс үүдэлтэй агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл үүсэх, дэд бүтцийн ачаалал ихсэх, нийгмийн үйлчилгээний хүчин чадал зэрэг асуудлууд зохистой хэмжээнээсээ 2-3 дахин хэтэрсэн нь анхаарал татсаар, төрийн байгууллагууд хөрөнгө, хүчээ эдгээр асуудлыг шийдэхэд зориулсаар байна.
Улаанбаатар хотын хүн амын хурдацтай өсөлт нэг талаар нийгмийн үйлчилгээ, дэд бүтцийн болон байгаль орчны сөрөг үр дагаварт хүргэж байгаа ч нөгөө талаараа улсын эдийн засгийн өсөлтийн чадавхыг дээшлүүлэхэд том үүрэгтэй байна.
Тухайлбал, уул уурхай болон хөдөө аж ахуйн салбарын уналттай байсан жилүүдэд улсын эдийн засгийн өсөлтийг тогтвортой хангагч суурь нь нийслэлийн эдийн засаг байж ирсэн.
Дотоод болон гадаад бодит зах зээл багатай, хүн амын 47 хувь болон эдийн засаг, бизнесийн 60-70 хувь нэг хотод төвлөрсөн улсын хувьд хүн амын төвлөрлийг татаж буй шалтгааныг буцаан задлах хүчин зүйл, хөшүүргүүдийг бий болгох сорилт тулгараад байна.
Улаанбаатарын бүсийн хөгжлийн бодлогод эдийн засгийн өсөлт, ажлын байрыг бий болгохоор төлөвлөгдсөн үйлдвэрлэл, технологийн паркууд, тээвэр, логистикийн сүлжээ болон чөлөөт бүсүүдийг хөгжүүлэх асуудал үр дүнтэй хэрэгжээгүй удааширсан зэрэг олон асуудал дурьдаж болох бөгөөд эдгээрийг улсын хөгжлийн бодлогын хэмжээнд авч үзэн шийдвэрлэж, нэгдмэл бодлогоор хэрэгжүүлэх нь зүйтэйг харуулж байна.
Засгийн газрын баталсан “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ын эдийн засгийг олон тулгуурт болгож хөгжүүлэх зорилго нь хөдөө аж ахуй, аялал жуулчлал, аж үйлдвэр, худалдаа, дэд бүтцийн салбаруудыг мэдээлэл, санхүү, тээвэр, логистикоор уялдуулан төлөвлөж, эдийн засгийн өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхэд оршино.
Энэ бодлогын хүрээнд бид олон улсын хөгжлийн туршлага, чиг хандлагаар томоохон хот, суурин газруудыг бүсчлэн хөгжүүлэх “Алтан гурвалжин” загвараар Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудыг хөгжүүлэх, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх улмаар хотуудын таталцал, нөлөөллийн бүс дэх Төв, Сэлэнгэ, Булган аймгуудтай хүний нөөц, ажиллах хүчний ашиглалтыг сайжруулах, эдийн засгийн болон захиргааны арга хэрэгслийг ашиглан аймаг, орон нутгийн зах зээлийн боломж, нөөцийг нэмэгдүүлэн тогтвортой хөгжлийг хангах талаар санал боловсруулж, хамтран хэрэгжүүлэх зорилго дэвшүүлж байна.
Улаанбаатар хот болон хөгжлийн гурвалжингийн бүс дэх аймгууд нь газар нутгийн хувьд улсын нийт нутаг дэвсгэрийн ердөө 8 хувь, малын тоо толгойгоор 10 хувь, усны нөөц 10 хувь, ойн нөөц 27 хувийг эзэлж байгаа ч улсын нийт хүн амын 61 хувь оршин сууж, дотоодын нийт бүтээгдэхүүний 78 хувийг үйлдвэрлэн, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 85 хувийг борлуулж байна.
Үндсэндээ бусад хөдөө, орон нутаг зах зээлийн харилцаанд жинхэнэ утгаараа шилжиж чадаагүй, хөгжлийн түвшнээр хоцронгуй байдалтай болсон нь хөдөөгийн хүн ам дээрх 5 аймаг болон нийслэл рүү олноор шилжин нүүдэллэх үндсэн шалтгаан болсон билээ.
Аймгуудын өрсөлдөх чадварын 2017 оны тайлангаас үзэхэд эдгээр 5 аймгийн эдийн засгийн ерөнхий үзүүлэлт, бизнесийн орчин нөхцөл, интституцийн тогтолцоо, үндсэн дэд бүтцийн хувьд бусад аймагтай харьцуулахад эхний 10-т, өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр 1-7 дугаар байранд эрэмбэлэгдэж байна.
Харин төсөв, санхүү, нийгмийн үйлчилгээний хүртээмж, ажил эрхлэлт, эрүүл мэнд, хүрээлэн буй орчны үзүүлэлтийн хувьд дунджаас доогуур эрэмбэлэгдсэн нь ажиглагдаж байгаа тул эдгээр аймгуудын улсын хөгжилд үзүүлэх хувь нэмрийг харгалзан төрөөс эдийн засаг, нийгмийн хөгжлийн нэгдсэн бодлогоор удирдах шаардлагатай болж байна.
Дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр Орхон аймаг 1 дүгээрт, Сэлэнгэ, Төв, Дархан-Уул аймаг 3-8 дугаарт, Булган аймаг 15 дугаарт эрэмбэлэгдэж, хүний хөгжлийн индексээр улсын дундаж /0.735/-ийн түвшинд байна.
Аймгуудтай хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хот, аймаг орон нутгийн тулгамдаж буй үндсэн асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр бид дараах ажлуудыг хамтран хэрэгжүүлэхээр санал солилцож харилцан зөвшилцсөн. Үүнд:
- Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах бодлогын төсөлд бүсийн асуудлаар санал боловсруулж тусгах, Төвийн бүсийн болон Улаанбаатарын бүсийн хөгжлийн хөтөлбөрийг шинээр боловсруулахдаа газар нутгийн харъяаллаар бүсчлэх бус эдийн засгийн орон зайн хувьд бусад бүсүүд, аймаг, орон нутагтай хэрхэн хөгжлийн зөв харьцааг бий болгох дээр анхаарах;
- Аймаг, нийслэл, сум, дүүрэгт харъяа нэгжтэй Засгийн газрын зарим агентлаг болон төрийн байгууллага, төрийн өмчит их, дээд сургуулиудыг хотын төвөөс нүүлгэн шилжүүлэх асуудлаар санал боловсруулах;
- Улаанбаатар хот болон төвийн аймаг, орон нутаг хоорондын эдийн засгийн болон дэд бүтцийн харилцааг эрчимжүүлэх, дагуул хот, нүүлгэн шилжүүлэх их, дээд сургуулиудын хотхоныг холбох хурдны зам, дэд бүтэц байгуулах асуудлаар санал боловсруулах;
- Бүс нутгийн үйлдвэрлэлийн салбарыг дэмжин хөгжүүлэх хэтийн болон дунд хугацааны бодлогын баримт бичиг боловсруулан батлуулах, эдийн засгийн өсөлтийг хангасан үйлдвэрлэлийн салбарыг кластераар хөгжүүлж, тусгай бүс байгуулах;
- Өндөр технологи, мэдлэг шингэсэн үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх, төр-хувийн хэвшил, шинжлэх ухаан үйлдвэрлэлийн хамтын ажиллагаанд түшиглэсэн инновацийн төвийг байгуулах, бүс нутгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэгдсэн инновацийн хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх;
- Нийслэл Улаанбаатар хот, төвийн аймгуудын аялал жуулчлал, худалдаа, үйлчилгээний салбарыг уялдуулан зах зээлийн боломж, нөөцийг нэмэгдүүлэх;
- Нийслэлээс орон нутагт шилжин суурьшиж мал аж ахуй, газар тариалан эрхлэх сонирхолтой иргэдийг дэмжин ажлын байраар хангах, урамшуулах асуудлаар санал боловсруулж, аймаг бүр 100-аас доошгүй өрхийг нутагтаа шилжүүлэн авах талаар санаачлагатай ажиллах;
- Аймгуудын хөгжлийг дэмжих, шилжилт хөдөлгөөнийг зохицуулах, ажиллах хүчний ашиглалтыг сайжруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх цогц асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулах зэрэг болно.
Цаашид энэхүү хамтын ажиллагааныхаа хүрээнд бид:
- Улсын дунд хэмжээний хот, суурингуудыг эдийн засгийн орон зайн хувьд төрөлжүүлэн үр ашиг, өрсөлдөх чадварыг сайжруулах замаар тэргүүлэх чиглэлтэй уялдуулан бүсчилж хөгжүүлэх, тэдгээрт хүн ам суурьшин амьдрах нөхцөлийг бүрдүүлэх,
- Хотын таталцал, нөлөөллийн бүсүүдийг дагуул хот, тосгодын хэмжээнд хөгжүүлж, харилцан тэтгэх чадвартай үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх;
- Таталцлын олон төвт хот байгуулалт буюу хот, хөдөөгийн нэгдмэл хөгжлийн зохион байгуулалтын асуудал;
- Хөдөөд хүн амыг суурьшуулах асуудлыг дэмжих, урамшуулах санхүүгийн болон зохион байгуулалтын хөшүүргийг хэрэгжүүлэх талаар тодорхой саналуудыг дэвшүүлэн Засгийн газарт хүргүүлэх юм.
Олон улсын туршлага, хөгжлийн чиг хандлагаас харахад тогтвортой хөгжил гэдэг нь эдийн засгийн хувьд тогтмол өсч хөгжихдөө бус байгаль, хүрээлэн буй орчин, нийгэм соёлоо сэргээн хадгалж үлдэхтэй зэрэгцүүлэн хүний хөгжлөө дэмжихэд оршдог. Төвийн бүсийн аймаг, хотуудын хувьд ч энэхүү зарчмаар тогтвортой хөгжлийг хангах, амьдралын чанар, өрсөлдөх чадвараа дээшлүүлэх, экологийн төлөв байдлыг сайжруулах, бүс нутгийн хүрээнд хот байгуулалт, төлөвлөлтийн асуудлыг цогцоор нь авч үзэх шаардлагатай.
Энд уригдан ирсэн аймгийн удирдлагуудад орон нутгийнхаа хөгжлийн талаар танилцуулж, хамтарч ажиллах санал, санаачилгын талаар хэлэлцэх боломж олдож байна. Мөн хотын эдийн засаг, зохион байгуулалтын онол талаас нь эрдэмтэн судлаачийн илтгэлийг бид сонсох болно.
Анхаарал тавьсанд баярлалаа.