Д.Сумъяабазар: Баганан тулгуурт хөнгөн галт тэрэг, хурдны замын төсөл хэрэгжүүлнэ
10 сарын 31, 2021

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатараас Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн эхийг гардаж авсны дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Түгжрэлийг бууруулах чиглэлээр ямар ажлуудыг төлөвлөн, хэрэгжүүлж байна вэ?

-Түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд 420 тэрбум төгрөгийн санхүүгийн эх үүсвэрийн бодит задаргааг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд оруулна. Баганан тулгуурт хөнгөн галт тэрэгний техник, эдийн засгийн үндэслэл нь урьдчилаад гарчихсан байгаа бөгөөд энэ талаараа танилцуулга хийнэ. Мөн Улаанбаатар хотын тойрог зам, хурдны зам буюу нэг талдаа гурван эгнээтэй, нийт зургаан эгнээтэй хурдны замын бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөнд орсон. Үүний техник, эдийн засгийн үндэслэлийг ч мөн гаргасан бөгөөд бодит байдалд нийцүүлэх чиглэлээр манай мэргэжилтнүүд ажиллаж байна. Түүнчлэн хурдны замын  төсөл хэрэгжинэ. Босоо болон хэвтээ тэнхлэгийн 70.2, 82.3  км авто замуудыг төсвийн болон бусад санхүүгийн эх үүсвэрээр тавихаар төлөвлөсөн. Мөн нийтийн тээвэрт парк шинэчлэл зайлшгүй хийх шаардлагатай байна. Үүнийг Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хийсэн урт хугацааны зээлийн эх үүсвэрээр шийдвэрлэх бөгөөд 200-300 цахилгаан автобус худалдан авах хэлэлцээрийг хийгээд байна.

-Бонд гаргана гэж зарласан. Үүнийг юунд зарцуулах вэ?

-Хоёр эх үүсвэр байгаа. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд Улаанбаатар хот төсвийн орлогоо өөртөө үлдээх тухай орсон. Хотын иргэдийн татвар, хураамж хотдоо үлдэнэ гэсэн үг.  Харин татварын орлогын эх үүсвэрээр чанар, стандартын шаардлага хангасан, хэрэгцээтэй зүйлсийг хийж, хэрэгжүүлэх ёстой. Үүнийг хатуу баримталж ажиллана. Төсвийн орлоготой уялдах дараагийн санхүүгийн эх үүсвэр бол бонд юм. Бондын эх үүсвэрийг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиар хуульчилсан. Нийслэл Улаанбаатар хотод нэг их наядын эх үүсвэр шаардлагатай. Энэ эх үүсвэр орон сууцны буюу эргэн төлөгдөх чадвартай төслүүдэд зарцуулагдах юм.

Мөн Улаанбаатар хотын баруун, зүүн жигүүрт тээвэр ложистикийн худалдааны төвүүдэд төсөл хэрэгжүүлэх тооцоолол хийж байна. Хамгийн богино хугацаанд эргэн төлөгдөх чадвартай хоёр загварчлал бол орон сууц, тээвэр ложистикийн төв гэдгийг мэргэжилтнүүдийн судалгаа харуулж байна. Бондыг орон сууцны төслүүдэд гаргаж, ипотекийн зээлийг дэмжих юм.  Улаанбаатар хот орон сууцны бодлогоо тултал явуулах хэрэгтэй. Мөн концессын зориулалтаар баригдах төслүүдийн жагсаалт гаргасан. Үүнд Улаанбаатар хотын гурван эгнээ буюу нийт зургаан эгнээтэй, 71.5 км урттай хурдны зам багтана. Уг хурдны зам нь дэд төвүүдийг холбох бөгөөд түгжрэлийг бууруулах хамгийн чухал бүтээн байгуулалт байх юм.

Үүнийг дагаад дэд төвүүдээ хөгжүүлэх, тэнд ажлын байрыг нэмэгдүүлэх, худалдаа, бизнесийн орчныг бүрдүүлэх төлөвлөгөөг гаргана.  Дэд төвүүдэд төрийн захиргааны байгууллагуудыг байрлуулбал дахиад л түгжрэл үүснэ. Харин дэд төвүүдэд ажлын байрыг нэмэгдүүлсэн, аж ахуйн үйлчилгээ, бизнес, худалдааны байгууллагууд байрлавал зохистой. Өөрөөр хэлбэл, иргэдийг тухайн бүс дотор нь ажлын байраар хангах хэрэгтэй. Гол нь тухайн дэд төвүүд нь хотын төвтэй дүйцэхүйц хөгжсөн, иргэдийн шаардлага хангасан байх ёстой. Мөн түгжрэлийг бууруулах нэг өнцөг нь дагуул хот гэж үзээд, тэдгээрийг байгуулах бэлтгэл ажлаа одооноос хангаж байна. Ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар нийслэл Улаанбаатар хотын бүтэц, зохион байгуулалтыг хэлэлцэнэ. Бүтэц дээр дагуул хот хариуцсан орлогч даргатай байхаар зааж өгсөн. Дагуул хотын ажлыг эзэнжүүлж, нэг хүнд хариуцуулж байж энэ ажлаа эрчимтэй, зөв явуулах боломж бүрдэнэ. Эзэнгүй ажилд хариуцлага тооцох боломж хомс шүү дээ. Нийслэлд олон төрлийн ажил явж байгаа тул дагуул хотын ажил орхигдож, үйл ажиллагааны идэвх нь суларч, бодлого нь сарнисан  түүх бий. Тиймээс алдаагаа давтахгүйн тулд ийм шийдвэр гаргасан.

-Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиар хот төсвөө бие даан захиран зарцуулах эрхтэй болж байгаа. Цаашид жил жилийн төсвөөс улсад хураалгахгүй өөрсдөө зарцуулдаг болж байгаа нь зөв үү?

-Зөв. Жил болгон 420 тэрбум төгрөг зарцуулна гэсэн үг. Татварын орчин, бизнесийн орчин сайжраад ирвэл Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа жижиг, том нийлсэн 150 мянга гаруй аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа сэргээд, эдийн засаг тэлээд эхэлнэ. Мэдээж орлогын хэмжээ ч нэмэгдэнэ. Улаанбаатар хотоос төвлөрүүлж байгаа орлогыг Сангийн яам 70:30 харьцаагаар  томьёолон тооцдог. Тэгэхээр энэ харьцаагаар томьёолохгүйгээр шууд Улаанбаатар хотоос төвлөрүүлж байгаа орлого хотод үлдэх ёстой гэсэн байр суурьтай байгаа.

-Хөрөнгө оруулалтыг яаж тэлэх вэ, томоохон хөрөнгө оруулагч нарыг хэрхэн дэмжих вэ?

-Засгийн газрын 2021 оны тавдугаар сарын 19-ний 146 дугаар тогтоол бол хөрөнгө оруулагч нар Улаанбаатар хотод итгэх, хөрөнгө оруулах  бодлогын шийдвэр болж чадсан. Энэ шийдвэр гарснаас хойш Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Олон улсын санхүүгийн корпорац, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч нартай удаа дараагийн уулзалт хийж байна. Ер нь долоо хоногт 2-3 удаа олон улсын санхүүгийн байгууллагуудтай уулзаж байгаа. Тэгэхээр Засгийн газрын гаргасан шийдвэр, тогтоол, УИХ-аас баталсан хууль, Улаанбаатар хотын хөгжлийг дэмжих түр хороог байгуулсан зэрэг нь гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг олоход томоохон дэмжлэг болсон шийдэл гэж харж байна.