Ихэнх нутгаар хүйтний эрч чангарна
1 сарын 24, 2022

Нийслэлд үүлэрхэг. Шөнөдөө цас, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор 22-24 градус, бусад хэсгээр 19-21 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 22-24 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 22-24 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна. Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө, маргаашдаа нутгийн зүүн хагаст цас үргэлжлэн орж, ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

2022 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 23-НЫ 20.00 ЦАГААС НЭГДҮГЭЭР САРЫН 24-НИЙ 20.00 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 21-26 градус, Их нуурууд болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

2022 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 25-НААС 29-НИЙГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Энэ сарын 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 23-28 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 18-23 градус.

Говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР