“Барилга, бүтээн байгуулалтад ЦЕМЕНТ-ийн чанар, бүтэц нөлөөлөх нь” сэдэвт семинар боллоо
5 сарын 25, 2018

Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Стандартчиллын Удирдах газрын хооронд байгуулсан “Хамтын ажиллагааны гэрээ”-г 2018-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2018 оны 5-р сарын 23-26-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо “Барилга, бүтээн байгуулалтад ЦЕМЕНТ-ийн чанар, бүтэц нөлөөлөх нь” сэдэвт хамтарсан семинарыг зохион байгуулж байна. 
  Энэхүү семинарт БНХАУ-ын Стандартчиллын удирдах газрын төлөөлөл, Хятад Улсын Цементийн чанарын хяналт шалгалтын төв, Монгол Улсын Стандарт, хэмжил зүйн газар, СХЗГ-ын дэргэдэх Барилгын стандартчиллын техникийн хороо, Барилга, хот байгуулалтын яам зэрэг төрийн болон төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээ, судалгааны байгуулагууд, мөн цементийн үйлдвэрлэл эрхлэгч байгууллагын төлөөллөөс бүрдсэн бүхий л сонирхогч талуудын төлөөлөл оролцож байгаа юм.   
  Энэхүү семинарын гол зорилго нь барилга, бүтээн байгуулалтын үндсэн бүтээгдэхүүний нэг цементийн чанар, бүтэц, үйлдвэрлэл технологийн орчин үеийн дэвшилтэт технологиос хөрш хоёр орон харилцан туршлага судлах, цаашид цементийн стандартын Евро стандартын түвшинд хүргэхэд хэрхэн хамтран ажиллах талаар зөвшилцөлд хүрэхэд оршино. 
  Семинарт хэд хэдэн илтгэл мэдэллүүд тавьсан бөгөөд “Цементийн стандарт Монголд” сэдвээр ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн Доктор (Ph.D), Профессор, Монгол Улсын Зөвлөх инженер Д.Сүнжидмаа, БНХАУ-ын Стандартчиллын удирдах газраас Хятад Улсын стандартчиллын тогтолцоо, Хятад Улсын цементийн чанар, хяналт, шалгалтын төвийн Ерөнхий инженер Wang Ruihai Хятад Улсын цементийн салбарт хэрэгжүүлж буй стандартын өнөөгийн байдлын талаар тус тус танилцуулж илтгэл мэдээлэл тавьсан юм.  
  Түүнчлэн хоёр тал Хятад, Монгол хоёр улсын барилгын салбарын стандартын өнөөгийн байдлыг ярилцаж, талуудын барилгын салбар дахь технологи стандарт зэргийг ойлголцож, хоёр орны стандартад буй зөрүү зэрэгт харьцуулалт хийлээ. 
  Цаашид Хятад, Монгол хоёр орны Барилгын материалын салбарт стандарт, технологийн талаар санал солилцох ажлыг тогтмолжуулж, холбогдох стандартыг харьцуулан судлаж, барилгын материалын салбарт мөрдөж буй стандартуудыг харилцан хүлээн зөвшөөрөх, улмаар хоёр орны барилгын салбарын стандартыг дахин хянаж, шинэчлэн боловсруулах ажлыг эрчимжүүлж ажиллах ба олон улсын болон бүс нутгийн стандартчиллын ажилд байр сууриа нэгтгэх, харилцан бие биедээ дэмжлэг үзүүлэх боломжийг бүрдүүлэн ажиллаж, шаардлагатай стандартын талаар ТЭЗҮ болон ажлын төлөвлөгөөг боловсруулан ажиллахаар тохиролцоонд хүрээд байна.