УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, хоёр асуудал хэлэлцэж, шийдвэрлэжээ. Хурлын шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Б.Энхбаяр нар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.
Бүлгийн дарга
Д.Тогтохсүрэн ”Бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэж тодорхой шийдвэр
гаргалаа. Нэгдүгээрт, улс орны эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой
асуудлыг хэлэлцлээ. Сүүлийн хоёр жил үргэлжилсэн КОВИД-ийн араас Орос, Украины
дайны нөхцөл байдал нь Монгол Улсын эдийн засагт тодорхой хэмжээний сөрөг нөлөө
үзүүлж байна.
Энэ асуудлаар
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүлгийн гишүүдэд дэлгэрэнгүй мэдээлэл
хийлээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, нэлээн дэлгэрэнгүй
ярилцсанаар тодорхой шийдвэрийг гаргасан. Сүүлийн үед олон улсын хурцадмал
байдал нь эдийн засагт хүндрэл үүсгэж байна. Үүнийг богино хугацаанд даван
туулахад УИХ-аас тодорхой санаачилга гаргаж, шийдвэрлэх шаардлагатай гэдэгт
бүлгийн гишүүд санал нэгдлээ.
Тухайлбал,
Монгол Улсын хувьд экспорт, импорт хязгаарлагдмал хүрээнд байна. ОХУ, Украины
дайнтай холбоотойгоор дэлхий нийтэд шатахууны үнэ өсөж байна. Ер нь олон улсын
хэмжээнд эдийн засгийн нөхцөл байдал богино хугацаанд хурдацтайгаар
өөрчлөгдсөөр байгаа юм. Эдгээр нөхцөл байдалтай холбоотойгоор Монгол Улсад
үнийн хөөрөгдөл, долларын ханш, шатахууны үнэ болон төлбөрийн асуудлууд үүссээр
байна. Олон улсын эдийн засгийн судлаачид энэ нөхцөл байдал цаашид удаан
хугацаанд үргэлжлэх болов уу гэж дүгнэж байна. Тиймээс нэг удаа арга хэмжээ
авч, шуураад өнгөрөх асуудал биш, тодорхой хөтөлбөр чиглэл гаргах
ёстой гэсэн дүгнэлтийг хийлээ.
Энэ
хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраас ойрын хугацаанд
тодорхой саналуудыг бэлтгэж боловсруулаад, УИХ-д хүргүүлэхээр боллоо"
гэв.
Мөн УИХ-ын
гишүүн Б.Энхбаяр нарын санаачилж, өргөн барьсан Газрын тухай хуульд нэмэлт,
өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар хэлэлцжээ. Энэ нь орон сууцны
газрыг оршин суугчдад эзэмшүүлэх тухай төсөл юм. Төслийг өнгөрсөн намрыг
чуулганаар хэлэлцэх явцад гишүүдийн байр суурь өөр байсан тул нэгтгэх үүднээс
МАН-ын бүлэг завсарлага аваад байсан юм. Бүлгийн хуралдаанаар хуулийн төслийг
хэлэлцэж, дэмжих нь зөв гэдэгт гишүүд санал нэгдсэн байна.