“Тэрбум мод” хөдөлгөөнд нэгдэж мод тарихаа амласан газруудад батламж олголоо
3 сарын 30, 2022

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих сан байгуулагдлаа. Мод ургуулах, ойжуулах, байгаль хамгаалалтыг тогтвортой санхүүжилтээр хангах тогтолцоог бүрдүүлэх зорилготой тус сангийн батламжийг Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатарт гардуулан өглөө.

Итгэлцлийн тус санд гишүүн байгууллагууд жил бүр хоёр тэрбум төгрөгөөс багагүй санхүүжилтийг төвлөрүүлэхээс гадна банкны салбар 2030 он хүртэл ногоон зээлийг 10 хувьд хүргэж, 5.2 их наяд төгрөгийн зээлийг олгох аж.

Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар “Тэрбум мод хөдөлгөөн бол зөвхөн мод тарих асуудал биш нийгмийн хариуцлагын том ажил. Энэ ажлыг дэмжих санг өчигдөр байгууллаа. Банк, санхүүгийн байгууллагууд үндэсний хөдөлгөөнийг үр дүнтэй, ил тод зохион байгуулахад хамтран ажиллахаар болж байна.

Өнөөдөр дараагийн ажлуудаа санхүүжүүлэх боломж нээгдэж байна. Ногоон санхүүжилтийн замын зургийн дагуу банкны салбар нийт зээлийнхээ 10 хувийг ногоон болгоно. Энгийн зээлээ ч ногооруулах боломж харагдаж байна. 2030 он хүртэл 5.2 их наяд төгрөгийн ногоон зээл олгох зорилготой ажиллаж байна” гэдгийг хэллээ.

Үүний дараа банк, санхүүгийн салбарынхан “Тэрбум мод” хөдөлгөөнийг дэмжиж, 88 сая мод тарьж ургуулах батламж бичигт гарын үсэг зурлаа. Тухайлбал, “МИК Холдинг” ХК 2030 он хүртэл нэг сая мод тарьж, ургуулахаар тус компанийн гүйцэтгэх захирал Б.Гантулга батламж бичигт гарын үсэг зурав. 


Мод тарьж ургуулахаар батламжилсан байгууллагууд

  1. Монголын банкны холбоо” /Арилжааны 11 банк/ – 50, 000, 000
  2. Хургатай хайрхан” ХХК – 10, 000, 000
  3. Нью прогресс групп” ХХК – 10, 000, 000
  4. Даатгалын мэргэжлийн холбоод /”Монголын даатгалын холбоо”, “Албан журмын даатгалын холбоо”, “Даатгалын зуучлагчдын холбоо”, “Монголын хөрөнгө, хохирол үнэлэгчдийн холбоо”/ – 5, 000, 000
  5. Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо” – 2, 750, 000
  6. Монголын хадгаламж, зээлийн хоршоодын үндэсний холбоо” – 1, 250, 000
  7. Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо” – 1, 000, 000
  8. Ард санхүүгийн нэгдэл” ХК – 1, 000, 000
  9. Монголын ипотекийн корпораци” ХК – 1, 000, 000
  10. Эрдэнэ ресурс девелопмент” ХК – 1, 000, 000
  11. Эрхэт монгол групп” ХХК – 1, 000, 000
  12. Грийнпинус” ХХК – 1, 000, 000
  13. Инвескор ББСБ” ХХК – 1, 000, 000
  14. Сэндли” ББСБ – 750, 000
  15. Бичил глобус финанс” ББСБ – 500, 000
  16. Үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэгчдийн “Дээвэр” нэгдсэн холбоо – 300, 000
  17. Ханбогд кашимер” ХХК – 300, 000 мод тарьж ургуулахаар батламжиллаа.