Сүхбаатарын талбайд "Өөрсдөө өөрчил, үгүй бол тар" тайван жагсаал боллоо. УИХ-ийн гишүүн Т.Доржханд “Залуучууд ‘’Өөрсдөө хэмнэ’’ гэх жагсаал зохион байгуулсан боловч бодитой шийдвэрт хүрсэнгүй. Улсын төсөв 18 их наядаар батлагдаж, хэмнэлт бодитой хийгдсэнгүй. Засгийн газраас оруулж ирсэн хэмнэлтийн хуулийг УИХ дээр унагаах процесс явагдлаа. Залуучууд зөвхөн ажилтай орлоготой, амьдралтай болохын тулд жагсаал хийсэн. Гэвч энэ нь талаар боллоо. Тийм болохоор иргэний хувьд, дөрвөн хүүхдийн аав хүний хувьд энэ жагсаалыг зохион байгуулж байна. Өнөөдөр тулгараад буй асуудлууд УИХ-ийн гишүүддээ биш тогтолцоондоо байна. Төрийн ордонд хэн ч суусан байлаа гэсэн ямар ч ялгаа гарахгүй. Тиймээс энэ тогтолцоог өөрчилж, шинэчлэх шаардлагатай. Эдийн засгийн асуудал шийдэхдээ тодорхой нэг бодлого баримталж, урт хугацааны байдлыг бодолцож шийдвэрлэдэг болох хэрэгтэй. Төр хамгийн эрх мэдэлтэй, төр хамгийн том бизнес эрхлэгч, төрийн байгууллагуудын данхайчихсан тогтолцоо хамгийн буруу байна. Бид нэг нам бүх зүйлийг шийддэг 30 жилийн өмнөх тогтолцоо руу буцаж байна. Үүнийг зогсоохын тулд тогтолцоог болон үндсэн хуулийг өөрчлөх шаардлагатай. Үндсэн хуулийг өөрчлөхийн тулд 57 гишүүний зөвшөөрлөөр өөрчилдөг. Тэр 57 гишүүний эрх мэдлийн дийлэнх нь МАН-д байгаа юм. Тиймээс эрх баригч МАН иргэдийнхээ төлөө эр зориг гаргаж тогтолцооны өөрчлөлт хийх хэрэгтэй” гэлээ. .