Шинэ хичээлийн жил эхлэх гэж буйтай холбогдуулан автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах болсон талаар Хэвлэлийн бага хурал зарлаж мэдээлэл өглөө. Хэвлэлийн бага хуралд Замын хөдөлгөөний удирдлагын төв НӨҮГ-ын захирал С.Адъяасүрэн, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын дэд дарга, хурандаа Б.Батболд, Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар нар оролцов.
Улаанбаатар хотын хувьд авто замын оргил ачааллын үе ирээд байна. Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс гаргасан судалгаанаас харахад энэ оны наймдугаар сарын байдлаар Монгол Улсад 1.3 сая тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа нь өмнөх оноос 5.96 хувиар өссөн үзүүлэлт юм. Түүнчлэн Улаанбаатар хотоос гарах тээврийн хэрэгслийн тоо сүүлийн гурван долоо хоногт 28.1 хувиар буурсан бол хот руу орох автомашины тоо 22.1 хувиар өссөн байна. Энэ бүхэн 2022 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбоотой юм. Тиймээс нийслэл хотод наймдугаар сарын 27-ноос эхлэн долоо хоног, найман өдрийн турш автомашинуудыг улсын дугаарын сүүлийн орны тэгш, сондгойгоор ангилж хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гаргасныг Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар танилцуулсан. Энэхүү зохицуулалт есдүгээр сарын 3-ны өдрийг дуустал 08:00-20:00 цагийн хооронд үйлчилнэ.