Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс, Америкийн Нэгдсэн Улсын тэргүүн нарын дээд түвшний түүхэн уулзалт 2018 оны зургадугаар сарын 12-ны өдөр Сингапурт амжилттай болж, талууд Хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан юм.
Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын дарга, БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга эрхэмсэг ноён Ким Жөн Унд баяр хүргэсэн илгээлт явууллаа.
Илгээлтэд:
“Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс, Америкийн Нэгдсэн Улсын тэргүүн нарын дээд түвшний түүхэн уулзалт 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Сингапурт амжилттай болж, талууд Хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсанд Эрхэмсэг ноён дарга Танд Монголын ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баяр хүргэе.
Энэ уулзалт нь Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс, Америкийн Нэгдсэн Улсын харилцаанд төдийгүй Зүүн хойд Ази, Солонгосын хойгт түүхийн шинэ эрин үеийг нээсэн уулзалт боллоо гэж Монгол Улс үзэж, талархан хүлээн авч байна. Хоёр тал яриа хэлэлцээг амжилтад хүргэхийн тулд ихээхэн хүч чармайлт, хөдөлмөр, тэвчээр гаргаж, энэхүү чухал үр дүнд хүрч чадлаа.
Энэхүү түүхэн уулзалтаар талууд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулж, бат бэх энх тайвныг тогтоох, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс, Америкийн Нэгдсэн Улсын хооронд харилцааг хэвийн болгох талаар хамтран ажиллахаар тохирсон нь Солонгосын хойгт төдийгүй Зүүн хойд Азийн бүс нутагт, улмаар дэлхийн энх тайван, аюулгүй байдалд томоохон өөрчлөлт дэвшлийг авчирна гэдэгт эргэлзэхгүй байна.
Монгол Улс Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улстай тогтоосон уламжлалт найрсаг харилцаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байна. Бид Зүүн хойд Ази, Солонгосын хойгт энх тайван, тогтвортой байдлыг тогтооход чиглэсэн холбогдох улсуудын яриа хэлэлцээг дэмжиж, хамтран ажиллахад бэлэн байна.
Эрхэмсэг ноён дарга Танд улс орноо хөгжүүлэх, Солонгосын хойгт эв эеийг эрхэмлэсэн, хамтын хөгжлийг цогцлоох их үйлсэд тань амжилт хүсье.
Танд эрүүл энх, сайн сайхныг, найрсаг Солонгосын ард түмэнд хөгжил цэцэглэлтийг ерөөе” гэжээ.