-Юуны өмнө, Монгол туургатны хүүхдийн спортын Их наадмын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж буйд Монгол туургатан нийт тамирчдынхаа өмнөөс талархал илэрхийлье. Ярилцлагаа, “Grand China Sport ” группийн тухай, танай компанийн эрхэлдэг үйл ажиллагаанаас эхэлье гэж бодож байна.
-” Grand China Sport” групп нь БНХАУ-д томоохон байр суурь эзэлдэг компани. Биеийн тамир, спортын даатгал, тоног төхөөрөмж ханган нийлүүлэлт, тэмцээн уралдаан зохион байгуулах зэрэг үндсэн хэд хэдэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Дотооддоо төдийгүй, Вьетнам, Сингапурт зэрэг Азийн зарим улс орнуудад үйл ажиллагаагаа тэлж өргөжүүлсэн. Энэ жилээс Монгол улстай харилцаа холбоо тогтоон үйл ажиллагаа тогтмолжуулж байна. Нийт 420 хүн өдөр тутмын үйл ажиллагааг эрхэлдэг, товчхондоо хэлбэл.
– Бидний мэдэхийн ширээний теннисний олон улсын “Mongolia cup-2017” тэмцээнийг энэ хавар танай компани бас ивээн тэтгэсэн. Спортын ордны таазны бүх гэрлийг бүрэн шинэчилж, зориулалтын шал дэвсэж байсан. Тухайн тэмцээнийг зохион байгуулахад зориулж ширээний теннисний ширээ болон бусад тоног төхөөрөмжөөр бүрэн хангасан. Мөн сагсан бөмбөгийн тэмцээнийг дэмжиж, спортын тоног төхөөрөмж гардуулж байсныг санаж байна. Ийнхүү Монголд болж буй спортын үйл ажиллагаагааг дэмжих, ивээн тэтгэгчээр ажиллах болсны гол шалтгаан нь юу байв? гэдгийг сонирхох хүн олон байна? Хэн таныг ингэтлээ “уруу” татчихав?
-Монголчуудаас, миний хамгийн анх танилцсан хүний нэг бол Шаравжамц. Анх танилцаж байхад Шаравжамц ердийн л нэг тамирчин байсан. Одоогийнхтой адил дарга болоогүй байсан. Түүнээс сагсан бөмбөгийн тухай, монголд сагсан бөмбөг хэрхэн хөгжиж байгаа, ирээдүйгээ хэр төсөөлж буй тухай сонсож, тодорхой ойлголт мэдээллийг анх авч байсан. Шаравжамцаар дамжин Монголын сагсан бөмбөгийн холбооны дарга Тамиртай танилцсан. Монголын сагсан бөмбөгийг хөгжүүлэхэд тоног төхөөрөмж, хэрэглэлээр хангаж дэмжээч, анхаарч ажиллаач гэж санал тавьсаны дагуу Монголын сагсан бөмбөгийн спортод багахан хэмжээний дэмжлэг өмнө нь үзүүлсэн. Тухайн дэмжлэг үр өгөөжөө өгсөнд сэтгэл өндөр үлдсэн. Дахин боломж олдвол туслана л гэдэг бодлыг тээж хоцорсон. Шаравжамц бид сайн найз нөхөд болсон. Сайн найз нөхөд бие биендээ туслах учиртай. Тэгээд л найзаараа дамжин танай улстай хамтран, спортын зарим тэмцээн уралдааныг дэмжих болсон нь энэ.
– Монгол улсад 3 дахь удаагаа зохион байгуулж буй Монгол туургатны хүүхдийн спортын 7-р их наадмын ерөнхий ивээн тэтгэгчээр Grand China Sport групп өнөөдөр ажиллаж байна. Энэ наадмыг сонгох болсны учрыг тодруулбал?
– Монголын хүүхдүүд гайхалтай авьяаслаг. Тэдний авьяасыг нь дэмжиж, дэлхийд нэрээ мандуулсан алдартай тамирчид болоосой гэх чин сэтгэлээс “Grand China Sport” групп энэхүү их наадмыг дэмжсэн. Өмнө нь бидний ивээн тэтгэсэн ширээний теннисний “Mongolia cup-2017” олон улсын тэмцээнээс монголын хүүхдүүд спортод үнэхээр дуртай, авьяастай гэдгийг олж мэдэрсэн.
– Танай зүгээс энэ удаагийн хүүхдийн спортын 7-р наадмаас гадна, өртөөт марафоныг зохион байгуулах, бүхий л талаар ивээн тэтгэхээр ажиллаж байна. Энэ тухай тодруулбал?
– Өртөөт марафоныг сонгосон нь санамсаргүй зүйл биш. Энэ бол их учиртай. Анх 1921 онд эхэлсэн өртөөт марафоны төрлийг европ тивээс үүсэлтэй гэж судлаачид үзсэн байдаг. Гэвч судлаад үзвэл үүсэл гарал нь Монголчуудтай холбогдох магадлал өндөр юм. Одоогоос 800 жилийн тэртээ Чингис хааны үүсгэн байгуулсан эзэнт гүрний үед овог угсаатайгаа холбоо барихын тулд өртөөг хөгжүүлсэнийг түүхчид судар номондоо бичиж үлдээсэн байдаг. Цаашдаа үүнийг нарийвчлан судалж, эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж, гарал үүслийг нь баталгаажуулах шаардлагатай гэж бодож байна. Төлөвлөсөн зүйл ч бий. Энэ төрлийн спортын эхлэлийг тавих зорилгоор өртөөт марафоныг Монголд анхлан зохион байгуулах санаагаа хэрэгжүүлж буй нь энэ. Өртөөт марафон 2017 оны 8 -р сарын 13-ний өдөр 09:00 цагт эхэлнэ. Манай компани дангаараа 100% ивээн тэтгэж байгаа. Зохион байгуулахад манай группээс 20 гаруй хүний бүрэлдэхүүн ирсэн бөгөөд хамтран ажиллаж туршлагаасаа хуваалцан зааж зөвлөх юм. Мөн энэ үеэр бид сагсан бөмбөгийн холбоонд 40 ширхэг 20 хос сагсан бөмбөгийн самбар хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.
– Энэ удаагийн хүүхдийн спортын 7-р наадамд хэдий хэмжээний төсөв гарган ивээн тэтгэж байгаа вэ ? / нууц биш бол /
– Бид энэ тэмцээнд оролцогч тамирчдыг бүхий л зүйлээр хангаж байгаа. Дээр нь Өртөөт марафоныг зохион байгуулахад шаардагдах зүйлс, тамирчдын иж бүрдэл хувцас, усны сав, малгай гэх мэт. Нийтдээ манай компанийн зүнээс 4 сая юаны санхүүжилт өгсөн.
-Тэмцээн уралдааны бэлтгэл, зохион байгуулалтын талаар юу хэлэх вэ?
-Монголын биеийн тамир спортын газар маш сайн хамтран ажиллаж байгааг онцлон тэмдэглэе. Бэлтгэл бүрэн хангагдсан. Гэхдээ, аливаа тэмцээн уралдааныг олон улсын хэмжээнд зохион байгуулахад мэргэшсэн мэргэжилтэн маш чухал байдаг. Энэ талыг хөгжүүлэх дээр хамтран ажиллах хэрэгтэй юм байна гэсэн бодол төрсөн. Мэргэшсэн мэргэжилтэн, боловсон хүчнийг бэлдэх тал дээр манай групп хамтран ажиллахад бэлэн гэдгийг энэ дашрамд хэлье. Миний анзаарсан юм гэвэл монголын ард түмэн, тэр дундаа хүүхэд багачууд спортод маш их дуртай, зүрх сэтгэлээсээ тоглодог гэдгийг мэдэрсэн учраас цаашдаа спортын тал дээр олон зүйл хийхээр төлөвлөж байгаа.
– Монгол улсад спортын салбарыг улам эрчтэй хөгжүүлэх, тэр дундаа бокс, бөх, жудо буудлагаас гадна, бусад төрлийг дэлхийн тавцанд гарахад юу хийвэл зохино гэж та ажиглаж байна?
-Миний ажигласнаар, монголын тамирчид бие бялдарын хувьд дэлхийн аль ч улсын тамирчдаас дутахгүй хөгжилтэй юм билээ. Хамгийн гол нь төр засгаас спортыг дэмжих бодлого хэрэгтэй. Спортын хөгжилд бэлтгэл сургуулилалт хийх материаллаг бааз ч чухал. Заах сургах мэргэжилтэн. Тиймээс энэ чиглэлийн хөрөнгө оруулалт их чухал. Дангаараа шийдэх боломжгүй бол гаднаас хөрөнгө оруулалтаа татах, түүний тулд гадаад харилцаагаа өргөжүүлэх шаардлагатай гэж харж байна. Ингэж чадсан цагт тамирчдын амжилт үзүүлэх нөхцөл боломж сайжирч энэ хэрээр тамирчдын амжилт ахина. Ялангуяа системтэйгээр, хүүхэд наснаас нь сайн бэлтгэж хичээллүүлэх нь амжилтанд хүргэх суурь болно.
– Таныг зөвхөн менежер биш, бас тамирчин гэж сонссон?
-Миний хувьд 7 настайгаасаа ширээний теннисээр хичээллэсэн. Улсынхаа өмнөөс олон тэмцээн уралдаан тэмцээнд оролцож амжилт үзүүлж, шагналын тавцанд зогсож байсан. Ширээний теннисний спортод илүү элэгтэй гэж үзэж болно. Тийм ч учраас Монголын ширээний теннисний холбоотой хамтран ажилласан. Түүндээ ч сэтгэл хангалуун байдаг.
– Ширээний теннисний “Мongolia cup 2017” тэмцээнийг ивээн тэтгэж дэмжсэн. Энэ тэмцээнийг үзэж байхад Монголын ширээний теннисний спортын хөгжил ямар түвшинд байх шиг санагдав?
-Миний ажигласнаар, ширээний теннисийг тоглож чадаж байна. Гэхдээ олон улсын түвшинтэй харьцуулбал, сайжруулах зүйл их байна. Сайн мэргэжилтэн дутмагаас тамирчдын эзэмшсэн техник, ур чадвар дутуу байгаа нь анзаарагдсан. Тиймээс үндэсний мэргэжилтэн бэлтгэх шаардлагатай. Энэ бол миний хийдэг ажил. Жаргалсайхан гээд миний найз бий. Түүнтэй холбогдон нэг монгол теннисчин хүүг Хятад улсын Шанду мужын ЛҮНЬ ЭНЬ теннисний клубэд 3 сар суралцуулж эхэлсэн. Энэ хүүхдийн ур чадвар эрс дээшилж байгаа. Миний зүгээс түүнд маш их итгэл хүлээлгэж байгаа. Цаашдаа монголдоо төдийгүй дэлхийд амжилт гаргана гэдэгт итгэж найдаж байна. Энэ ажил маань манай хоёр улсын харилцааг спортоор дамжуулан сайжруулахад хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байгаа.
– Танай групп нэгэн шинэ брэнд гаргаж байгаа тэр нь монголоор “даваа” буюу”Dawa” гэсэн нэртэй холбоотой гэж тайлбарласан байсан.
-Даваа гэсэн үгийн утга нь даваа давах, давааны цаана даваа байдаг гэсэн утгыг агуулсан үг юм билээ. Анх энэ нэрийг санаадгүй байдлаар өгөх болсон юм. Шаравдорж дарга анх уулзахад намайг хараад их өндөр хүн байна нэр чинь Дэвид юм байна чамд монгол нэр өгье Даваа гэвэл ямар вэ? гээд энэ нэрийг өгсөн юм. Хамтын ажиллагааны дүнд цаашдаа энэ нэрээрээ хувцасны брэнд үүсгээд явъя гэж бодож энэ нэрийг шинэ брэнд хувцасны нэр болгосон. Энэ брэндийг зөвхөн монголд биш дэлхийд гарах тийм том брэнд болгоё гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна даа. -Цаг зав гарган ярилцлага өгсөнд талархая. Таны ажил үйлс сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.