“Улаанбаатар травэл-2022” үндэсний аялал жуулчлалын үзэсгэлэн өнөөдөр “Мишээл экспо” төвд нээлтээ хийлээ. Байгаль орчны яам, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар аялал жуулчлалын холбоо хамтран тус үзэсгэлэнг найм дахь жилдээ зохион байгуулж буй.
Дотоодын аялагчид болон Монголд амьдарч байгаа гадаадын иргэдэд зориулан гаргаж буй уг үзэсгэлэнгийн онцлог нь “Төрсөн нутгаараа аялцгаая” уриалга юм. Аяллын бүтээгдэхүүн, үйлчилгээг нэг цэгээс хүргэх, хариуцлагатай, зөв төлөвлөгөөтэй аялал жуулчлалыг хэвшүүлэх зорилго бүхий үзэсгэлэнд нийслэлд болоод хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж буй аялал жуулчлал эрхлэгчид өргөнөөр оролцож байна.
Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх “Энэ оныг Улаанбаатар хотын хэмжээнд “Иргэний жил” болгон зарласан. Энэ дагуу иргэддээ аяллын боловсрол олгох, аяллын мэдээлэл өгөх зорилго бүхий үзэсгэлэнг тавдугаар сарын 27-29-нд гурван өдрийн турш зохион байгуулж байна. Нийслэлийн иргэд маань урин дулааны улиралд хөдөө, орон нутгийг зорин гэр бүл, найз нөхдөөрөө аялж зугаалдаг. Тиймээс аялагчдыг мэдээллээр хангах, аяллаа зөв төлөвлөхөд туслах, гадаад, дотоодын аяллын даатгалд хамруулах зорилгыг өвөрлөж энэхүү “Улаанбаатар травэл-2022” үндэсний аялал жуулчлалын үзэсгэлэнгээ дэлгэж байна. Аяллыг эртнээс зөв төлөвлөнө гэдэг богино хугацаанд ихийг үзэх боломж олгохын сацуу эдийн засгийн хувьд хэмнэлт болдог өгөөжтэй. Очсон хойноо буудаллах газар, идэх хоолоо хайгаад явах биш, урьдчилаад захиалж байж гоё аялал болдог. Энэ бүхнийг манай мэдээллээс авч болно. Аялал жуулчлалын салбарт зохион байгуулдаг гурван том үзэсгэлэнгийн нэг болох “Улаанбаатар травэл-2022”-ыг аяллын улирлыг угтан дэлгэдэг уламжлалтай. Энэ удаагийн үзэсгэлэнд хөдөө, орон нутгийнхан маань маш идэвхтэй оролцож, аялал зохион байгуулдаг аж ахуйн нэгж, жуулчны баазуудаа танилцуулахын сацуу нутгийнхаа брэндийг түмэн олондоо танилцуулж буй юм. Мөн БНСУ-ын эрүүл мэндийн аялал жуулчлалын компани оролцож байна” гэлээ.
Үзэсгэлэнд зочилсноор иргэд хөдөө, орон нутаг дахь амралтын газрууд, зоогийн газар, гэр буудал, ресторан, рашаан сувилал, 21 аймгийн аяллын хөтөлбөр, газрын зураг, GPS систем, аяллын цахим платформууд, аялал жуулчлалын товчоод, клубүүд, аяллын боловсрол олгодог байгууллагуудтай танилцах боломжтой юм. Түүнчлэн “Улаанбаатар травэл-2022” үндэсний аялал жуулчлалын үзэсгэлэнгийн үеэр “Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” хөдөлмөрийн яармаг болж байна. Хөдөлмөрийн яармагт жуулчны бааз, тур оператор компани, зочид буудал, зоогийн газрууд 252 нээлттэй ажлын байрыг зарлаад буй юм. Хөдөлмөрийн яармаг 14 дэх жилдээ болж байна.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР