Дугуй цагаан орчмын шавар гэрүүдийг буулгаж эхэллээ
5 сарын 30, 2022

   Нийслэлийн удирдлагууд иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх газруудыг нэмэгдүүлэх, тэдгээрийг тохижуулахад ихээхэн анхаарал хандуулж буй. Энэ хүрээнд 22 байршилд газар чөлөөлөх бөгөөд Нийслэлийн Засаг даргын А/740 тоот захирамж гарч, Дархан цаазат Богдхан уулын тэнцвэрт байдал, ой, ургамалд сөрөг нөлөөтэй байгууламжуудыг буулгаж эхэллээ.  Тухайлбал, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Ар Зайсангийн гудамжинд байрлах хийц бүтээцэд нь ан цав, цууралт үүсэж, ноцтой эвдэрч гэмтсэн барилга байгууламжуудыг албадан буулгах ажлыг өнөөдрөөс эхлүүлээд байна.


Богдхан уулын Баруун ширээт, Зүүн ширээт рүү гарах замд Дугуй цагаан орчимд байрласан шавар гэрүүд олон жилийн нар салхинд гандаж гундсаны дээр хүмүүс буудаллах нь бүү хэл ойртдог ч үгүй. Өнгө үзэмжгүй болсон тэдгээр гэрийг буулгаж байна.  Тус байршилд нийт 49 шавар гэр байгаа бөгөөд тэдгээрийг буулгаж, орчныг нь тохижуулах юм. Дугуй цагаан орчимд иргэд амрах, хүүхдүүд тоглох амралтын талбайг байгуулахын дээр зориулалтын хогийн цэг, нийтийн бие засах газар, явган зам, гэрэлтүүлэг зэргийг бий болгож, тохижуулахаар төлөвлөөд байна. 

 

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР