“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын ерөнхий төлөвлөгөөг батлав
6 сарын 10, 2022

  “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын Зохион байгуулах хорооны ээлжит хурал өнөөдөр боллоо. Хурлаар Зохион байгуулах хорооны ажиллах журмыг шинэчлэн баталж, наадмын ерөнхий болон календарчилсан төлөвлөгөөний төсөл, Дэд хороодын гишүүд, чиг үүрэг, төсвийн төслийг хэлэлцэн батлав. Мөн наадмын үзэл баримтлал, бэлгэдэл, уриа үг, маркетингийн төлөвлөгөөг дэмжиж, Зүүн Азийн Олимпын хорооны зөвлөлийн хуралд танилцуулахаар шийдвэрлэлээ.

Монгол Улсын түүхэнд анх удаа зохион байгуулж байгаа энэхүү наадамд төр засаг, яам, агентлаг, газар, нийслэл, нийслэлийн харьяа байгууллагууд хариуцлагатай хандаж, идэвх зүтгэлтэй ажиллах шаардлагатай байгааг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, наадмын Зохион байгуулах хорооны дарга Д.Сумъяабазар онцлов.


“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмыг 2023 оны наймдугаар сарын 12-19-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо спортын 12 төрлөөр зохион байгуулах юм.

     НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР