Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар ОХУ-ын Пермь хотын Дуурийн театрын балетын гоцлооч Рэнцэндоржийн Булганыг нийслэлийн дээд шагнал Хангарди одонгоор шагналаа. Хотын дарга шагнал гардуулах үеэрээ “Монголын сонгодог урлагт, тэр дундаа балетын урлагийн хөгжил, цэцэглэлтийн төлөө хөдөлмөр зүтгэл, авьяас билгээ зориулан ажиллаж, улс орныхоо нэрийг олон улсад алдаршуулж байгаад талархаж байна. Цаашид ч гялалзсан их амжилтыг үзүүлэн, улс, нийслэлийнхээ нэрийг дэлхийд гаргаж яваарай” хэмээсэн юм.