Бээжингийн нэрийн өмнөөс өөрийн нутаг нэгтнүүдээ тагнаж байсан 49 настай түвд эрийг Шведийн эрх баригчид барьж саатуулсан талаар мэдэгдсэн байна.
Тэрээр Түвдээс Швед рүү дүрвэн ирэгсдийн гэр бүлийн холбоо сүлбээ, гэрийн хаяг, улс төрийн харьяалал, ямар албан тушаалтай юу хийдэг хүмүүстэй уулзаж байгаа талаарх бүх төрлийн мэдээллийг хятадуудад дамжуулдаг байсан гэнэ.
Шведийн прокурор Матс Юнгквистийн мэдэгдсэнээр баригдсан этгээдийн тагнуулын үйл ажиллагаа 2015 оны долоодугаар сараас 2017 оны хоёрдугаар сар хүртэл үргэлжилсэн ба тэрээр олсон мэдээллээ Польш дахь Хятадын төрийн албан хаагчдад дамжуулдаг байсан болох нь тогтоогджээ.
Хятадын Гадаад хэргийн яамнаас “энэ талаар ямар ч мэдээлэлгүй байна” хэмээн мэдэгджээ.
Швед дэх Түвдийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Жамъян Чойдон Си Эн Эн агентлагт өгсөн ярилцлагадаа Шведэд амьдарч буй түвдүүд энэхүү мэдээг сонсоод маш их айсан" гэжээ.
Бид бүгд цочролд ороод байна. Шведэд ердөө 140 түвд иргэн амьдарч байна. 140-хөн хүнийг тагнах гэж хүн явуулж байгаа нь инээдтэй ч юм шиг.” хэмээн тэрээр ярьсан байна.
Гэсэн хэдий ч Шведэд амьдарч буй түвдүүдийн заримынх нь ойр дотны хүмүүс Түвдэд үлдсэн талаар тэрээр ярьсан юм. Мөн Бээжингийн эгдүүцлийг хүргэсэн үйлдэл хийх нь Түвдэд байгаа ойр дотны хүмүүст нь эрсдэлтэй гэж эмээж байгаагаа Шведэд байгаа түвдүүд илэрхийлжээ.