Манай улс усны гачигдалтай бүсэд орсон Д.Сүхгэрэл
4 сарын 16, 2018

Хэдхэн жилийн өмнө хөдөө тал руугаа явахад сэтгэл санаа уужирч, байгалийн сайхныг бишрэн явдаг байлаа.

Харин одоо...

Улаанбаатар хотоос зүүн тийшээ гараад хэдэн км яваад л ухсан нүх, уул уурхай, том машин техник. Уул уурхай өөрөө хуурайшлыг бий болгодог, их хэмжээний ус ашигладаг, байгаль орчинд сөрөг нөлөөтэй. Энэ бүхнийг бүгдээрээ мэдэх ч "гэхдээ бид амьдрахын эрхэнд байгалиа зарж үрж байгаа" гэх. 

Бид үр хүүхдэдээ ухсан нүх, хуурай шороо л үлдээх гэж үү? Олон улсад усны гачигдалд орсон улс орны тоонд албан ёсоор бүртгэгчихээд байхад ч "амьдрахын эрхэнд" гэж суусаар эцэстээ алтнаас илүү үнээр усаа худалдаж авахдаа тулах юм биш биз? Дэлхийн усны өдөр Хурц өнцөг энэхүү асуудлыг хөндөж байна.

Тиймээс усан цахилгаан станц, нүүрсний цахилгаан станц, уул уурхай гээд энэ бүх асуудалд шүүмжлэлтэйгээр ханддаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл болгож өнөөдрийн зочноо урьсан юм.

Монгол уурхайнуудын тайлан, мэдээлэл ил байдаггүй

Монгол Улсын усны төлөв байдал ямар байна вэ?
Монгол Улс олон улсын судалгаагаар хамгийн их усны гачигдалд орсон бүсэд ордог. Олон судалгаагаар Туул голын ус удахгүй татарна гэдэг. Мөн Оюутолгойн судалгаагаар 2020 оноос усны гачигдалд орно гэдэг. Энэ судалгаануудаас харахад тун удахгүй усны асуудал хурцаар тавигдана.
Усны нөөцөө хамгаалахын тулд бид юу хийх ёстой вэ?
Нэгдүгээрт, бид усны хэрэгцээг хүний болон Монгол Улсын өөрийн хэрэгцээнд л ашиглах хэрэгтэй. Уул уурхайн баялгийг ухахдаа бид асар их хэмжээний усыг ашиглан, үгүй хийж, бохирдуулж байна. Харамсалтай нь энэ бүхэн Хятадын хөгжилд зориулагдаж, бид баялгаа бусдын хэрэгцээнд гаргаж байгаа юм.
Орлого нь бидэнд ирж байгаа болохоор бусдын хэрэгцээнд зориулж уурхай ажиллаж байна гэж шууд хэлэхэд хэцүү юм л даа.
Олж байгаа орлогоо бүрэн авч, эдийн засгаа хөгжүүлж чадаж байгаа юу? Зээлээ төлж чадаж байгаа юу?
Оюутолгой өөрийн сайт дээрээ “Бид дэлхийн хэмжээнд хамгийн их усны хэмнэлт гаргах жишгээр үйл ажиллагаагаа явуулж ижил төстэй уурхайтай харьцуулахад 1 тонн хүдэр боловсруулахад ашиглаж буй усны талаас бага хэмжээтэй усыг ашиглаж байна” гэж байсан. Өмнийн говь дахь энэ уурхай олон улсад хэрэглэж буй өндөр технологийг ашиглаж байгаа сайн жишиг юм болов уу?
Оюутолгой хүдэр олборлоход гарч байгаа хаягдлынхаа 60-70 хувь усыг бид шавхан ашиглаж байгаа гэсэн байдаг. Тайлангуудыг нь нарийн харвал 57 хувь буюу дэлхий дахинд өөрсдийгөө таниулж байгаа технологийн ба амласан түвшиндээ хүргэж чаддаггүй гэсэн үг.
Ухаа худаг, Тавантолгой ч юм уу, бусад томоохон уурхай усыг хэрхэн ашиглаж байгаа талаар та бүхэн харьцуулан судалж үзсэн үү?
Нарийн тоог нь харьцуулж үзээгүй. Яагаад гэвэл монгол уурхайнуудын тайлангууд ил байдаггүй. Оюутолгойн хувьд тайлангуудыг нь харж, мэргэжлийн хүнээс шүүмж авч болдог. Монголын уурхайнуудын хувьд ямар технологи хэрэглэж байгаа юм, тэрийгээ зөв хэрэглэж байна уу, уулын ажлын төлөвлөгөөнийхөө дагуу хийгдэж байна уу гэдгийг мэдэх арга байхгүй. Оюутолгойг усны нөөцтэй нь уяж өдөрт олборлох хүдрийнх нь хэмжээг 80-100 мянган тонноос хэтрүүлэлгүйгээр тогтоодог. Оюутолгой үүнийг 150 мянган тонн болгохын тулд усныхаа зөвшөөрлийг нэмэгдүүлэх ёстой гэх мэт мэдээллүүдийг ил харж болдог. Харин Монгол уурхайн дээр усны нөөцтэй нь уяж хянадаг уу, үгүй юу гэдэг нь ойлгомжгүй, ил биш.