Нүүдэлчин ард түмэн нийлж суугаад суурин амьдралд суралцах замнал 100 гаруй жилийн түүхтэй байдгаас төвлөрсөн халаалт тог цахилгаантай нийтийн болон амины орон сууцанд амьдарч эхэлсэн нь түүнээс ч богино хугацаатай. Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр нэг амьдрах гэдэг ойлголт гэр хорооллын төвлөрөл, хотын хүн ам, өрхийн тоо огцом нэмэгдсэн цагаас бүтэхгүй болох нь ойлгомжтой болсон. Хүн амыг орон сууцжуулах нь орчин цагт улс орны хөгжил, амьдралын чанарын чухал үзүүлэлт болж, үе үеийн засгийн газрууд, бодлого боловсруулагчдын толгойны өвчин болж, янз бүрийн арга хэмжээ санал санаачлага гаргаж ирсэн байдаг. Тухайлбал 2004 онд Засгийн газраас 40.000 айлын орон сууцны хөтөлбөрийг зарлаж байсан хэдий ч тухайн үед орон сууцны санхүүжилтын буюу ипотекийн зээл төдийлөн олдоц багатай, жилийн 15-20% хүүтэй, хугацаа богино буюу ойролцоогоор 15 хүртэл жил байжээ. Учир нь тухайн үеийн арилжааны банкууд өөрийн эх үүсвэрээр буюу богино хугацаат хадгаламжаар урт хугацаат орон сууцны зээлийг санхүүжүүлэх боломж муутай байсан гэдэг.
Тэгвэл 2013 онд тухайн үеийн Засгийн газар Монголбанктай хамтран орон сууцны хөнгөлттэй хүүтэй ипотекийн зээл буюу найман хувийн хүүтэй хөтөлбөрийн зээлийг эхэлж байжээ. Магадгүй олон тооны жижиг том оролдлогоос одоогийн ипотекийн зээлийн хөтөлбөр хамгийн урт хугацаанд оршин тогтнож, хамгийн олон иргэд зээл хүртэж, орон байртай болсон үр дүнтэй хөтөлбөр болсон гэж хэлж болохоор байна. Албаны мэдээллээр 2013 оноос одоо хүртэл нийт 100.000 гаруй иргэн орон сууцны ипотекийн зээлд хамрагдсан гэсэн тоо байна. Энэ нь иргэдийн хувьд өөрийн эзэмшлийн үл хөдлөх хөрөнгөтэй болох санхүүгийн сайхан нөхцлийг бүрдүүлж өгсөн нь харагдаж байна. Гэвч сайны хажуугаар саар гэдгээр олон өрхийг байр орон сууцтай болгосон энэхүү хөтөлбөрийн тухай янз бүрийн мэдээлэл гарах болсон. Цар тахлын жилүүдэд ипотекийн зээлийн төлөлтийг хоёр жил хагас хугацаанд хойшлуулсан бол шинэ оноос зээлээ төлж эхэлж байна.
Үүнтэй зэрэгцэн ипотекийн зээлтэй иргэдийн зүгээс найман хувийн хүүг зургаан хувь болгож тэгшитгэх саналыг гаргах боллоо. Энэ асуудалд албаны хүмүүсийн өгсөн тайлбар мэдээллийг шүүж үзлээ. Одоо хэрэгжиж буй орон сууцны хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрийн загварын дагуу эхлээд иргэн зээлийн шаардлага хангаад арилжааны банк болон төв банкны хамтарсан эх үүсвэрээр зээлээ авдаг байна. 2013 оноос хойш Монголбанкнаас зээлийн эх үүсвэрийн 60, 80 гэх мэт хувийг харин арилжааны банкууд зах зээлээс татсан богино хугацаатай, өндөр хүүтэй эх үүсвэрээсээ 40, 20 гэх мэт хувийг гаргаж иржээ. Зээл олгосны дараа ойролцоогоор хоёр жилийн хугацаанд багтаан тухай ипотекийн зээлүүдийг орон сууцны санхүүжилтийн хоёрдогч зах зээл дээр бонд болгон арилжаалж хугацааг нь уртасгадаг юм байна. Улмаар тухайн ипотекийн орон сууцны зээлүүд арилжааны банкны балансаас хасагддаг гэсэн үг. Энэ схемийн дагуу явсаар 2017 оноос ипотекийн зээлийн эргэн төлөлтөөр шинэ зээл гардаг өөрөө эргэлддэг буюу энэхүү систем тогтвортой ажиллах нөхцлийг бүрдүүлж эхэлсэн байна. Найман хувийг зургаан хувь болгон буулгах боломжгүй бол биш гэжээ. Ингэхдээ өнгөрсөн хугацаанд олгосон найман хувийн зээл нь хоёрдогч зах зээлд арилжаалагдсан буюу урт хугацаат 20-30 жилийн бонд хэлбэрт орсон байгаа. Энэ нь тухайн үед мөрдөгдөж байсан хууль, журмын дагуу хөрөнгө оруулагчид ирээдүйд олох орлого, эрсдэлээ тооцоолж худалдан авсан санхүүгийн бүтээгдэхүүн юм байна. Өөрөөр хэлбэл хоёр тал харилцан тохиролцож гэрээгээр зохицуулагдсан харилцаанд төр засгийн зүгээс шууд оролцож нөлөөлөх боломжгүй харагдаж байна. Энэ нь засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг дэмжиж оролцож байгаа дотоодын хөрөнгө оруулагчдад төр нүүрээ буруулж байгаа хэлбэр болох нь ээ. Ингэснээр урт хугацаат бага хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлийг бондыг худалдаж авах дотоодын хөрөнгө оруулагчдын итгэл алдарч, дараагийн бондуудыг санхүүжүүлэхээс татгалзан орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр зогсох санхүүжилт буурах хүртэл эрсдэлтэй гэж зарим эдийн засагчид онцолсон байна. Харин ирээдүйд олох хүүгийн зөрүүний орлого буюу зардал 300 гаруй тэрбум төгрөгийг хэн хэрхэн хариуцах талаар бонд эзэмшигчидтэй уулзаж зөвшилцөлд хүрснээр тухайн асуудлыг шийдвэрлэх боломжтой гэжээ. Хэрэв тухайн зардлыг төр хариуцахаар бол жил бүрийн улсын төсөвт тодорхой зардал төсөвлөж, оруулах шаардлага үүснэ. Эсрэгээрээ дотоодын хөрөнгө оруулагч хувийн хэвшил хариуцах бол төрийн зүгээс ямар дэмжлэг үзүүлж болох талаар бодитой санал тусгагдана.
Ипотекийн найман хувийн зээлийг зургаан хувь болгосноор өөр төрлийн эрсдэл үүсэх магадлалтай. Хүүгийн зөрүү төлбөр иргэдийн халаасанд үлдэх бөгөөд тэр хэмжээгээр худалдан авалт нэмэгдэж үнийн өсөлт, инфляцийг хөөрөгдөх эрсдэлтэй. Энэ нь нэг халаасанд нь хийгээд нөгөө халааснаас нь авах буюу нийт иргэдэд илүү хохиролтой зүйл болохыг үгүйсгэхгүй. Ипотекийн зээлийн хүүг нийтэд нь зургаан хувь болгох асуудлыг олон талаас нь дэнслэх бодох шаардлагатай юм байна. Ялангуяа энэ хөтөлбөрт оролцож ирсэн дотоодын бонд эзэмшигчдтэй хэлэлцэн зөвшилцөх, тэдний итгэлийг алдахгүй байх дээр бодитой ажил хийх шаардлагатай нь харагдаж байна.